“Obamacare” хөтөлбөрийг орлох хуулийн төслийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-05 09:19:55
ВАШИНГТОН. /VOA/. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн хэрэгжүүлж байсан “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын хууль буюу “Obamacare” хөтөлбөрийг орлох хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим саналын ялимгүй зөрүүтэйгээр өчигдөр баталлаа.

Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 217 нь “Obamacare” хөтөлбөрийг орлох хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг батлахыг дэмжсэн бол 213 гишүүн, тодруулбал Ардчилсан намын бүх гишүүн болон Бүгд Найрамдах намын /БНН/ дундыг баримтлагч зарим гишүүн эсэргүүцсэн байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп хэлэхдээ “Б.Обамагийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэж байна. Үүнийг би эргэн хянах болно” гэж мэдэгдэж байсан юм.

Б.Обамагийн энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Америкийн бүх иргэнийг даатгалд хамруулах явдал байлаа.

Шинэ хуулийг баталсны дараа Д.Трамп БНН-ын гишүүдтэй хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “энэ бол маш сайн төлөвлөгөө. Сенатын танхимын гишүүд үүнийг батална гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
 
Г.Доржханд

 



Холбоотой мэдээ