Буун дуу гаргаж танхайрсан У.Болд нарын гэмт хэргийг шүүж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-10 10:58:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  буун дуу гаргаж бусдыг сүрдүүлсэн Доён хочит У.Болд нарын хэргийг шүүх хурал 10 цаг 30 минутаас эхлээд байна.
Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан ба хэргийн холбогдогч Доён хочит Болд нарыг ийнхүү шүүж байгаа юм. Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Яллагдагч У.Болд нь Т.Өлзийжаргалтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт, 
яллагдагч Т.Өлзийжаргал нь У.Болдтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогдоод байгааг тус шүүхээс мэдээллээ.

 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ