“Хурдаа хас, амь насаа аварья” уриатай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өдрүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-10 16:31:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, чиг хандлага болон ослоос үүдэлтэй өвлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарласан бөгөөд энэ хүрээнд НҮБ-аас хоёр жил тутамд 7 хоногийг тодорхой уриатайгаар зохион байгуулж байна.
Энэ жил “Хурдаа хас, амь насаа аварья” уриатайгаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өдрүүд болгон зарлаад байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлэл хийх үеэр 2016 оны зам тээврийн ослын үзүүлэлтээс харахад 485 хүн нас барсны 72,5 хувь буюу 352 нь орон нутгийн замд болсон нь хурдтай холбоотой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэж байгааг дурдлаа. Мөн ард иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор сайд нарын хамтарсан тушаалаар урьдчилан сэргийлэх бүхий л боломжийг хамтран хэрэгжүүлж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцлов. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүлэн ажилладаг. Тэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, орон нутгийн замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах талаар Засгийн газрын түвшинд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулаад байгаа аж.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль баталснаар осол зөрчлийн үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулан үзвэл  зам тээврийн ослын дуудлага 8,2 хувь, бүртгэгдсэн осол 7,3 хувь, гэмтсэн хүний тоо 19,4 хувь, эд материалын хохирлын хэмжээ 5,9 хувь, нас барсан хүний тоо 20,6 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт 26,6 хувь, журамлагдсан автомашин 66,9 хувь, нийт зөрчлийн хэмжээ 20,2 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн өөр хоорондоо харилцан хамаарал бүхий хүчин зүйлүүдийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байдаг тул замын хөдөлгөөнд оролцогч төдийгүй зам, тээврийн, хууль сахиулах, хяналтын, боловсрол, эрүүл мэндийн, төрийн болон төрийн бус олон байгууллагууд ийнхүү нийлж ажиллахаар болсон нь сайшаалтай гэж ЗЦА-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ