“Хэлж зүрхлээгүй хайр” уянгын жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-11 10:29:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид Сорогдогийн Жаргалсайханы бүтээл “Хэлж зүрхлээгүй хайр” /хуучин нэрээр “Нууц амраг чинь болъё”/ уянгын драмын жүжгийг энэ сарын 12, 13-нд толилуулна.

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулсан тус жүжигт СУИС-ийн жүжигчний ангийн төгсөх курсийн нэг ангийн оюутнуудын тухай өгүүлэх юм.

Азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, хайртай хэрнээ нэрэлхүү зандаа хөтлөгдөөд одоог хүртэл уучлал гуйж чадахгүй дөлж яваа Оргил, “хаачсан ч яах вэ, яасан ч яах вэ” гэсэн уриатай юм шиг Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулан. Тэд өөр өөрсдийн дарвуулт бяцхан завийг их далайд хэрхэн чиглүүлэх бол оо? Энэхүү хайрын жүжгийг сонирхохыг хүсвэл энэ сарын 12-нд 19:00, 13-нд 18:00 цагт УДЭТ-ыг зориорой.

Гол дүрүүдэд СТА Ц.Баясгалан, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ, Д.Баттөмөр, М.Тогтохжаргал, Б.Одончимэг, Ц.Цэрэнболд, жүжигчин Н.Баярмаа нар тоглоно.
Ж.Болор
Холбоотой мэдээ