Зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг нэг дороос үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-15 15:28:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас тус  салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүртээмжтэй хүргэх, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-нд Д.Сүхбаатарын талбайд  “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

Тус өдөрлөгт ЗТХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, УБТЗ, Монголын төмөр зам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа, ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна иргэд олон нийтэд чиглэсэн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм байна.

Тухайлбал, Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, лавлагаа олгох юм. Мөн иргэд Мэргэшсэн жолоочийн шалгалт, лавлагаа өгөх, Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос авч болох аж.

Мөн үеэр МИАТ компанийн катеринг буюу хоолны үйлчилгээний амталгаа, билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 онгоц, хуучин автомашины үзэсгэлэн гаргах юм. Түүнчлэн УБТЗ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай галт тэрэгний талаар танилцуулна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ