ОХУ-ын Дотоод хэргийн яам “WannaCry” цахим халдлагад өртлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрөгч баасан гарагт буюу тавдугаар сарын 12-ны өдөр түүхэн дэх хамгийн том цахим халдлага боллоо. Энэхүү халдлагад дэлхий даяар 45 мянган компьютер өртсөн байна.
“WanaCrypt0r 2.0” вирус Windows үйлдлийн системийн гуравдугаар сарын шинэчлэлийг хийгээгүй ОХУ, Их Британи, Тайвань, Испани, Украйн, Герман, Турк, Япон зэрэг дэлхийн 11 улсын 70 гаруй байгууллагын компьютерийн дотоод сүлжээнд саад учруулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд 200-600 ам.доллар төлөхийг шаарджээ. Ингэснээр дэлхий даяар нийт 110 гүйлгээ хийгдэж вирус үүсгэгчид 42 мянган ам.доллартай болсон байна.
ОХУ-д хамгийн их буюу 29 байгууллага, компани энэхүү халдлагад өртөж компьютерийн дотоод сүлжээнд нь доголдол үүссэний дунд ОХУ-ын Дотоод Хэргийн Яам, үүрэн холбооны оператор “Мегафон” зэрэг байгууллага багтаж байна.
Тодруулбал ажилтнуудын компьютерийн дэлгэц дээр “биткойн” буюу цахим мөнгөөр 600 ам. доллар төлж байж компьютер цаашид хэвийн ажиллана гэсэн бичиг гарч ирсэн байна. Вирусыг цааш тархаахгүйн тулд “Мегафон” компани дотоод сүлжээгээ түр салгахад хүрсэн хэмээн тус компанийн төлөөлөгч Лидов-Петровский мэдэгдлээ.
Дэлхий нийтийг хамарсан энэхүү цахим халдлагад Их Британийн бүх эмнэлгийн дотоод сүлжээ, Испанийн мэдээлэл харилцааны холбооны томоохон байгууллагууд өртсөн байна. “Шинэ төрлийн “WanaCrypt0r 2.0” вирус аймшигтай хурдан тархаж буй бөгөөд өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй” хэмээн “MalwareHunterTeam” цахим аюулгүй байдлын судлаачдын баг мэдэгдлээ.
Одоогоор цахим халдлагыг аль улсын хэн гэгч үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм.
Москва хот
Л.Нандинцэцэг
Л.Нандинцэцэг