700 гаруй тонн самрын нөөцөөс 400 гаруй тонныг түүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 11:03:39

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хуш модны самрын ургалтад судалгаа явуулж, 1 га талбайгаас дунджаар 580 кг цэвэр самар гарах буюу их хэмжээний самар түүж бэлтгэх арвин нөөцтэй ургасан хэмээн дүгнэлээ.

Өвөрхангай аймгийн ойн талбай бүхий газраас Бат-Өлзий сумын 3.242 га талбайд хуш мод ургадаг бөгөөд тэдгээрээс 1.880.360 кг боргоцой самар, түүний дотор 752.144 кг цэвэр самар түүх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Одоогоор Ойн мэргэжлийн таван байгууллага үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх гэрээ байгуулан ажиллаж, 405 тн самар түүн, байгалийн нөөц ашигласны татвар болох 304.000.0 сая төгрөгийг орон нутгийн төсөвт бэлнээр төвлөрүүлээд байна.

Мэргэжлийн хяналтын газраас Бат-Өлзий сумын Засаг дарга түүний Тамгын газар, Ойн анги, Ойн мэргэжлийн байгууллагууд болон “Орхоны эх” замын постоор дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт явуулахад иргэн С 10 тонн самар илүү ачсанаас өөрөөр ноцтой зөрчил илрээгүй аж. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ