30 жилийн ойн баяраа хүндэтгэлийн тоглолтоор отголно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 16:39:03

1985 онд анхны уран бүтээлээ Д.Намсрайн “Алтан түлхүүр” драмын жүжиг, “Аз жаргал” нэртэй концертоор эхлүүлж байсан Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр энэ сарын 26-ны өдрөөс үүсч байгуулагдсаны 30 жилийн ойгоо тэмдэглэж эхэллээ.

Тус театрын хамт олон энэ сарын 26-28-ны өдрүүдэд түүхт ойдоо зориулсан уран бүтээлүүдийг үзэгч олондоо өргөн барьж буй бөгөөд Ж.Оюун-Эрдэнийн зохиол, Н.Жаргалсайханы хөгжим “Ойн савдаг” хүүхдийн мюзикль жүжиг, Х.Наранжаргалын зохиол “Харамсалтай нь хайртай” уянгын инээдмийн драмын жүжиг, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадашийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайханы хөгжим “Цэцэн бэрийн шийдэл” дуулалт  жүжгээр мэргэжлийн ур чадвар, чанар чансаагаа харуулж байна. Мөн 28-ны өдөр “Өврийн хангайн дуулал” хүндэтгэлийн тоглолт, Аюуш баатрын талбайд оройн цэнгүүнийг зохион байгуулснаар ойн арга хэмжээ отголно.

Хөгжимт драмын театрын уран бүтээлчид өнгөрсөн жилээс эхлэн ойдоо бэлэг барьж, тулгын чулуугаа анх тавьсан цагаас өнөөг хүртэл туурвиж ирсэн уран бүтээлүүдээ сэргээн Улаанбаатар, Өвөрхангайн тайзнаас үзэгч олонд хүргэсээр ирсэн юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ