Б.Чойжилсүрэн: Бүх концесст аудит оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-26 10:46:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Иймээс товын дагуу дээрх асуудлыг хэлэлцэж эхлэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "Ажилгүйдлийг хэрхэн бууруулах гэж байна вэ. Алдагдалтай ажиллаж буй 87 төрийн өмчийн компаниудыг яах гэж байна вэ. Зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ. Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. Бүтцийн өөрчлөлтийн асуудал Үндсэн чиглэлд туссан уу" гэсэн асуудлыг тодруулсан.
 
Эл асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Засгийн газар анх ажлаа авч байхад ажилгүйдлийн түвшин 11.4 хувьтай байсан. Ажилгүйдлийг бууруулах чиглэлд нэлээдгүй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2018 оны түвшинд ажилгүйдлийг 8 хувьд хүргэнэ. Зээлийн хүүг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бизнесийг дэмжих хэрэгтэй гэсэн таны саналтай нэг байна. Бүтцийн өөрчлөлтийн тухайд хэлэхэд, 2017-2019 онд төрийн албан хаагч тэтгэвэрт гарвал нөхөн томилохгүй. Харин цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагчдаас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэгийг нь нөхөн бүрдүүлэхээр ОУВС-тай тохирсон" хэмээн хариуллаа. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат, "40 гаруй концессын асуудал яригдаж байгаа. Эдгээр концессыг хэрхэн шийдэх гэж байна вэ" гэсэн асуудлыг лавлахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Бүх концесст аудит оруулна. Аудитын дүгнэлтээс хамаарч алийг нь хэрэгжүүлэх вэ, алийг нь царцаах вэ гэдгээ шийднэ" гэсэн хариултыг өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ