Хотын төвөөс малаа гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-01 19:02:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/.Говь-Алтай аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Алтай хотын төв, гэр хороолол дахь мал бүхий иргэдийн мал, тэжээвэр амьтныг хотын төвөөс гаргах тухай Есөнбулаг сумын Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мал эмнэлэг, үржлийн тасаг, баягаль орчны мэргэжилтнүүд, багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг малтай өрхийн шинэчилсэн судалгаа гаргаж 26 өрхийн 72 толгой мал байгааг тогтоосноор 21 өрхийн 63 малыг хотоос гаргаж малын хашаа, байр, түүний орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэн ариутгал хийжээ. Одоо 2 иргэний 20 үхэр гэр хорооллын хашаанд байнгын маллагаатай байгаа ажээ.

Малчны хорооллын айл өрхүүдэд газар олгох кадастрын зургийг гаргаж 32 өрхөд газар олгож шаардлага хангасан стандартад нийцсэн хашаа бариулж байна.

Цаашид хотын төв, нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламжинд орсон малыг Хот тохижилт үйлчилгээний газарт саатуулан эзнийг нь тодруулан арга хэмжээ авч байхаар болжээ.

                                                                                                                           Ш.Цоодол

Холбоотой мэдээ