Оны шилдэг эхчүүдийг тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-01 22:30:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оны шилдэг Хатан ээж" шалгаруулах ёслолын арга хэмжээ эх үрсийн баярын энэ өдөр боллоо. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нар хайр халамж ухаанаараа үрс бүхнээ өв тэгш сайн сайхан хүмүүжүүлсэн үлгэр жишээ ээжүүдэд шагналыг гардуулав.

Ээж үрс хамтдаа баярласан энэ өдөр Сургаалт хатан ээжээр Самдангийн Эрдэнэцэцэг, Сундуйн Маахүү, Элбэрэлт хатан ээжээр Сангидоржийн Халтархүүхэн, Энэрэлт хатан ээжээр Бэгзийн Лхагвасүрэн, Халамжит хатан ээжээр Пунцагийн Дуламсүрэн, Буянт хатан ээжээр Сангийн Нацаг, Дашийн Гунгаамаа, Ачит хатан ээжээр Базарсадын Чимэдмаа, Батбаярын Дулам, Өнөр хатан ээжээр Дондогийн Баасан, Бүтээлч хатан ээжээр Намсрайн Ичинноров, Хөдөлмөрч хатан ээжээр Бибишийн Мөнхзул, Баасангийн Болормаа нар тодорч УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудаас үнэмлэх тэмдэг, батламж, хүндэтгэлээ гардаж авсан юм.
Мөн өдөр олон хүүхэд төрүүлж өгсөн 72 эхэд "Алдар эх"-ийн 1,2 дугаар одонг гардуулжээ.

                                                                                                                   Б.Мөнхзул


Холбоотой мэдээ