Баянхонгор хотын 20 иргэн ажлын байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-02 09:14:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улирагч гуравдугаар сард болсон Баянхонгор хотын нутгийн зөвлөлийн уулзалтын үеэр гарсан санал санаачлагын нэг нь нутгийн уугуул бизнес эрхлэгчид орон нутгийн иргэдээ ажилд авч, дэмжих тухай байв. Энэ дагуу Баянхонгор хотын уугуул иргэн, “Юүй Юань” ХХКомпанийн захирал Ё.Ганзориг хотын харьяатай, тодорхой эрхэлсэн ажилгүй 20 иргэнийг том оврын автомашины жолоочоор ажилд авахаар болжээ.
Ажлын зарын дагуу цугларсан иргэдтэй компанийнхан өчигдөр уулзаж, компанийнхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Уулзалтад Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ж.Мөнхсоёл оролцож, нутгаасаа бизнесийн салбарт амжилт гаргахын зэрэгцээ 60 жилийн түүхт ойг хүндэтгэн, иргэдийг ажлын байртай болгоход хувь нэмэр оруулж буй Ё.Ганзоригт талархал илэрхийлэв.
Ажилд орохоор бүртгүүлсэн залуус энэ сарын 09-ний өдөр сонгон шалгаруулах ярилцлагад орж, тэнцсэн 20 хүнийг сургалтад хамруулан ажлын байраар хангах аж. Тэдний нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг албан ёсоор төлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.

Сонирхуулахад, 2009 онд байгуулагдсан “Юүй Юань” ХХКомпани улс хоорондын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр тасралтгүй таван жил ажиллажээ. Одоогоор өөрийн эзэмшлийн “Нордбенз” маркын 30 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрсний уурхайгаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэлх чиглэлд нүүрс тээврийн ажил эрхэлж байна. Үндсэн 13 ажилтан албан хаагчтайн зэрэгцээ 30-40 гэрээт жолоочтойгоор ажилладаг аж. 
                                                                                                                     Б.Мөнхзул


Холбоотой мэдээ