Банкуудын талд асуудлыг шийджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-29 16:00:55

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцжээ. Уг хэргийг шийдэхдээ банкуудын талд шийдвэр гаргажээ. 

ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх,  зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлсэн. Харин банкуудын зүгээс ШӨХТГ-ын хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаад байсан юм.

Энэ хэргийг өмнө нь aнхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэвч  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг учир дутагдалтай хэмээн үзэж анхан шатны шүүхэд буцаагаад байсан бол ийнхүү банкуудын талд шийдвэрлэжээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ