А.Энхбаяр: Үндэсний хөлөг онгоц дээр монголынхоо багтай тээвэрт гарахыг зорьдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2017-06-06 14:12:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын дээд сургуулийг далайчны мэргэжлээр дүүргэсэн монгол залуу  А.Энхбаярыг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцсанаа хүргэе.
 
2013 оноос Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаа, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд монгол иргэдийг тус сургуульд бэлтгэж эхэлсний хамгийн анхны оюутан нь  А.Энхбаяр байжээ.

 -Та мэргэжлээрээ ажиллаж байгаа анхны монгол далайчин. Ер нь далайчин болох гарааг тавихад хэн нөлөөлөв?

-Зам тээврийн яам, Далайн захиргааны зүгээс 2007 онд далайн салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ОХУ-д манай гурван залуу суралцаж 2013 онд төгссөн. Тухайн үед тэднээс мэдээлэл авч байсан. 2013 онд БНСУ-д далайчид, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр сургалт явуулах сонгон шалгаруулалтын зарын дагуу анх Пусан хотноо Далайн тээвэр, загас агнуурын сургуульд очсон. Миний хувьд солонгос хэлний орчуулагч мэргэжлээр Улаанбаатар их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд сонгон шалгаруулалтад тэнцэх аз завшаан тохиосон юм. Тус сургууль нь дотоодын болон олон улсын далайн тээвэр, загас агнуурын чиглэлээр хөлөг онгоцны удирдлага, жолоодлого, инженерийн мэргэжлээр 1.6 жилийн хугацаанд далайчдыг бэлтгэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  сургууль юм. 

-Далайчин хүний хувьд дэлхийн олон орноор аялсан байх. Ер нь тоолж үзсэн үү?

-Далайчны бас нэг сайхан нь олон орноор аялж үзэх явдал юм. Нийт 21 орноор аялсан. Хамгийн сүүлд найман сарын хугацаанд далайд аялахдаа 10 орноор, нийт 21 боомтоор ачаа тээвэрлэлт хийсэн. Нөгөө талаар далайн салбар өөрөө маш ирээдүйтэй юм. Хөгжиж байгаа орнууд бүгд далайд гарцтай, далайгаар дамжиж худалдаа наймаа хийж, бусад улс оронтой харьцаж байна. Солонгос улс ч гэсэн техник технологийн хөгжил гэхээсээ илүү далайн тээврийн салбарыг хөгжүүлж чадсанаараа өндөр түвшинд хүрсэн.

-Монгол Улсын хувьд далайд гарцгүй ч далайн тээврийн салбарт үйл ажиллагаагаа нэвтрүүлэх боломжийн талаар та юу хэлэх вэ?

-Монголд далайд гарцгүй ч далайгаар тээвэрлэсэн бүтээгдэхүүн орж ирдэг. Монголчуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тухайлбал,  приус автомашин гэхэд автомашин тээвэрлэх  хөлөг боомтоор дамжин орж ирж байна. Монгол Улс далайд гарцгүй байршилтай ч далайн тээвэрт ажиллах боломж бий. Монгол залуус их далайд ажиллаж байна. Хоёр залуу маань удахгүй эх орондоо ирнэ. 2018 оны нэгдүгээр сараас бид долуулаа  далайд гарна. Ер нь бидний ирээдүйн зорилго бол өөрсдийн гэсэн үндэсний хөлөг онгоцон дээр Монголын баг бүрэлдэхүүнтэй эх орныхоо бүтээгдэхүүнийг тээвэрлэх замаар эдийн засагтаа тодорхой хувь нэмэр оруулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргаанаас хөтөлбөр гаргасан. Манай улсын хувьд далайд гарцгүй ч далайд гарцтай орнуудтай хамтран ажиллаж далайн салбарыг хөгжүүлснээр олон оронтой эдийн засгийн түнш болж, хамтран ажиллах боломж нээгдэх юм.

-Дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх тухайд?

-Манай дотоодын усан замын тээврийн хөгжил харьцангуй сайн. Хөвсгөл аймгийн Хатгал тосгон байна. Бидний нэрлэж заншсанаар Хөвсгөл далайд хувь хүн, аж ахуйн нэгжүүд жижиг усан завиар үйлчилгээ үзүүлэх, Далайн захиргаанаас аюулгүй ажиллагаанд хяналт тавих, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийж байгаа. 

-Одоогоор ямар нэртэй хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Далайн захиргаа БНСУ-тай хамтран 2015 оны зургадугаар сард далайн тээврийн компани байгуулсан. Энэхүү хамтарсан компанийн Солонгос талынх нь хөлөг онгоцон дээр бид ажиллаж байгаа. Солонгос улсын эзэмшлийн, Панам улсын далбаатай, 30 мянган тонны даацтай хуурай ачаа тээвэрлэлтийн хөлөг онгоцон дээр найман сарын хугацаанд далайд тээвэр хийж байгаад ирлээ.

-Эх орондоо хэдий хугацаагаар ирэв. Дараагийн аялал хаашаа зорих гэж байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 29-нд Индонезиос Монголдоо ирсэн. Дараагийн аялалд гарахдаа тушаал дэвшин цол ахих боломж нээгдэж сургалтад суухаар болсон. Мөн далайн чиглэлээр суралцаж буй  монголынхоо дөрвөн залуутай уулзаж , тэдэнд мэддэг чаддагаа хуваалцах, зөвлөгөө өгөхөөр  Солонгосыг зорино. 2018 оны нэгдүгээр сард дөрвөн залуу далайн чиглэлээр сургуулиа төгсч, дадлага хийснээр хоёр нь офицер цолтой болох юм. Тэгэхээр гурван офицер цолтон, дөрвөн дадлагажигч нийт долуулаа 2018 оны нэгдүгээр сард нэг хөлөг онгоцон дээр  ажиллана.

-Тасралтгүйгээр хэд хоног далайд гарч байв. Далайн шуурга ч юмуу  бэрхшээлтэй нүүр тулж байсан биз ээ?

-Канадын Ванкуверээс Австралийн Хансвилл хүртэл 28 хоног аялсан. Энэ хүртэл цагийн зөрүү их нөлөөлдөг. 14 хоногоор нэг нэг цагаар хойшилсоор байгаад сүүлдээ толгой эргэнэ шүү дээ. Нисдэг онгоц хурдан явдаг учраас шууд тухайн бүсчлэлдээ очдог бол усан онгоц удаан явдаг учраас байж байгаад л нэг хоногт нэг цагийн зөрүүнд ордог. Япон руу явж байхад далайн шуурга болоод хөлөг онгоц 28 градус налж байсан. Тэгж их айгаагүй. Харин тийм үед ажил хийх л хэцүү байсан. Ер нь хөлөг онгоц шуурганд орно гэж бараг байхгүй. Учир нь цаг агаараа урьдчилан харж байгаа учраас шуургыг тойрч гарна. Гэнэтийн онц ноцтой үзэгдэл биш л бол далайн шуургатай таарна гэж бараг үгүй.



-Монголчуудыг далайгүй учраас усанд сэлэх нь  муу гэж ярьдаг. Гэхдээ монголчуудыг хаана явсан газраа дасан зохицох чадвартай гэдэг?

-2013 онд анх дөрвөн охин, зургаан залуу арвуулаа явж байсан. Бид онолын зургаан сарын хичээл үзээд, сургуулийнхаа хөлөг онгоцон дээр гурван сар аялдаг. Тэр хугацаанд хамт төгссөн 150 гаруй солонгос залуучуудтай хамт явсан. Боомтоос хөдлөөд явж байхад манай багш нар охидыгоо дотогш нь оруулаач гэж байсан. Тэгэхэд Солонгос оюутнууд дотор нь муухайрч, газарт суугаад, хэвтэх нь хэвтээд явж байхад манай монгол охид, залуус онгоцны хойд талд “Сүлжээ тасрахаас өмнө ээжтэйгээ яръя” гээд утсаар яриад зогсч байх жишээтэй. Тэгэхээр манай монголчууд дасан зохицох чадвараар үнэхээр сайн. Манай улсын далайн тээврийн түүхэнд Хубилай хааны усан флотыг гүйцэх флот одоо хүртэл гарч ирээгүй. Манайх дээр үеэсээ далайд гарахыг хүсч японыг дайлаар мордож байсан түүх бий. Тиймээс далайд явж байхдаа бахархах сэтгэл төрдөг. Морин дэл дээрээс биш усан онгоцноос нар хаанаас мандаж, жаргаж  буйг харж явна.

-Мэргэжлийн бусаар далайн орнуудад очоод, усан онгоцон дээр ажиллаж байгаад далайчин болсон хүн бий юу?

-Мэдээж байлгүй яахав. Миний хувьд Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд явсан болохоос биш хувиараа явсан залуус бий. Зарим хүмүүстэй холбогдож үзсэн. Мэргэжлээрээ явж буй хүмүүстэй одоохондоо таараагүй байна. Солонгос улсад хөлөг онгоцны үйлдвэрт ажиллаж байгаа маш олон монгол залуус бий.

-Манай орон шиг далайд гарцгүй орон далайн тээврийг амжилттай хөгжүүлээд явж байгаа жишээ байгаа болов уу?

-Далайд гарцгүй 40 гаруй орон бий. Түүнээс Швейцарь орон хөлөг онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэлээр дэлхийд наймдугаарт ордог, тухайн салбартаа амжилттай явж байгаа орны нэг. Далайн захиргаанаас судалгаа шинжилгээ хийх, далайд гарцгүй хөрш орнууд  бараа бүтээгдэхүүнээ  хэрхэн экспортлох талаар санаачилга гаргаж байгаа. 

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ