Нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-06 14:14:41
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд “Эвтэй Монгол, Ээлтэй төр” уриатайгаар өрсөлдөж буй, МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд тус аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Ч. Улаан, аймгийн МАН-ын дарга, засаг дарга З. Энхтөр болон намын гишүүд, дэмжигчид нь оролцов.
“Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг бол улс эх орны хөгжил дэвшлийн хөтөч, тусгаар тогтнолын баталгаа, эв нэгдлийн билэгдэл байдаг. Улс төрд бэлтгэгдсэн, энэ бүх шалгуур үзүүлэлтийг хангасан хүн бол манай нэр дэвшигч М. Энхболд юм. Тиймээс хамтдаа нэр дэвшигчээ дэмжиж, ялалтанд хүргэхийн төлөө зүтгэцгээе. Сүхбаатарчууд та бүхэн минь улсынхаа тав дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуульдаа идэвхитэй оролцоорой...” хэмээн УИХ-ын гишүүн Ч. Улаан нээлтийн үгэндээ дурьдлаа.
МАН-ын үе үеийн гишүүд дэмжигчдийн төлөөллүүд нэр дэвшигчдээ баяр хүргэн, амжилт хүсч үг хэллээ. Мөн аймгийн МАН-ын дарга найман жилийн дараах ялалтаа баталгаажуулж, улсынхаа ерөнхийлөгчтэй хамтран орон нутгийнхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр, нэгдэж ажиллах боломжийг бий болгохыг ард иргэддээ уриалж байлаа. Нээлтийн үйл ажиллагааны дараа зочид төлөөлөгч, намын гишүүд дэмжигчид хамтдаа их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.
Нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр оройн 20 цагт Сүхбаатар аймагт хүрэлцэн ирж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийхээр төлөвлөжээ. 
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ