Өнөөдөр Дэлхийн цус харвалтаас сэргийлэх өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДӨнөөдөр тохиож буй Дэлхийн цус харвалтаас сэргийлэх өдрийг энэ жил “Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү өртөж байна” уриан дор тэмдэглэж байна.
Иргэдийн амьдралын хэвшил, дадал, зан үйлтэй холбоотой харвалт залуужиж эхэлжээ. Ялангуяа тархины харвалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголд 100 мянган хүн ам тутамд 290 хүн шинээр харвалт өгч байгааг судалгаагаар тогтоожээ. Эдгээр 290 хүний 49 нь нас бардаг аж. Харин 100 хүн харвасан тохиолдолд 80 нь хөдөлмөрийн чадвараа алддаг байна.
Цус харвалт өвчнөөр эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан өртдөг боловч нас баралт эмэгтэйд илүү өндөр байдаг. Жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ, цэвэршилт зэрэг хүйсийн онцлог, нийгэм сэтгэл зүйн хямралд хөгжиж буй орны эмэгтэйчүүд хамгийн их өртөж цус харвалтад өртдөг байна.Тиймээс цусны даралтаа тогтмол хянан, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгож, мэдээлэлтэй байх нь энэ өвчнөөс сэргийлэх томоохон гарц гэдгийг эмч нар зөвлөж байна.
Эл өдрийг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн эмч, ажилтнуудад Монголын Харвалтын төвөөс тархины харвалт болон харвалтаас сэргийлэх, ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулж, амбулториор үйлчлүүлж буй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийн, зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Ж.Болор