Буяны үйлсэд нэгдэж хандив өргөх уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-07 15:34:06
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Дарба бандид гэгээнтнийг Мөрөн суманд залж бат оршил өргөх шашин соёлын арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг буяны үйлсэд нэгдэж хандив өргөхийг хүссэн уриалга гаргалаа.
Түүнийг энэ сарын 16-нд  сэнтийд нь залж, Бат оршил өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулах ба 17-нд Жадо ринбүүчи лам хуварга, сүсэгтэн олонд "Мөрийн гурван эрхэм" номыг айлдаж Гүнрэг бурханы авшиг хүртээх гэнэ. Монголын төвд судлалын цуврал номын XIV дүгээрт “Дарба бандидын цадиг эрдэнийн эрих” хэвлэгдсэн. Тус номын өмнөтгөлд “Дарба бандидын арван найм дахь хувилгаан бээр аргын тооллоор 2001 оны аравдугаар сарын 4, билгийн тооллоор могой жилийн намрын дунд сарын 17-ны дашням, балжинням давхацсан сайн бэлгэт намрын налгар өдөр Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант суманд эцэг Д.Дэмбэрэлсамбуу, эх Д.Оюунцэцэг нарын хоёр дахь хүүхэд болон эхэд гэмгүйгээр мэндлэхэд өвөг эцэг Л.Баасан бээр Шаравжамц хэмээх нэр өгчээ. Бага насаа эцэг эх, эмээ өвөөгийн гар дээр нутагтаа өнгөрөөсөн бөгөөд дөрвөн настайдаа цэцэрлэгт орж зургаан настайдаа сургуульд орсон. Шаравжамц түүх яриулах дуртай, удам судраа их асуудаг байжээ. Таван настайдаа аав ээж хоёроосоо “Би том болоод яваад өгвөл та хоёр баярлах уу” гэж асууж байсан нь сонин. 1990-ээд оноос цаг наашилж цас ханзрахад сүсэглэх бишрэх чөлөөтэй болоход эцэг өвгөдийн номын барилдлагыг ч санаад Гэгээнтний хувилгаан дүрийг тодруулахыг дуршсаар авай. Тийн тодруулахыг ч Зая бандидын XV дүр Лувсанданзанпүлжинжигмэд лүгээ Гандантэгчинлэн хийдийн лам нар дэмжиж хүний гавьяат эмч Т.Тамир, маарамба Д.Ганзориг, “Булган гангат” ХХК-ийн захирал Д.Баатар, музейн ажилтан Г.Дэмбэрэлдорж нар бээр XIV Далай лам Данзанжамцаас гэгээнтнийг тодруулах сунтаг айлтгахад 108 хүүхдийн нэрийн дансыг шинжилж нягтлан шүүж үзээд Дэмбэрэлсамбуун хөвгүүн Шаравжамц Дарба бандидын хувилгаан мөн хэмээн ярууг дуурсгасан. Ийнхүү баясгаласан хэмээх усан луу жилийн намрын дунд сарын шинийн гурван, аргын тооллын 2012 оны есдүгээр сарын 18-нд Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны Дарба бандида Агваанчойнжордондовын арван найм дахь дүр тодруулаад тодорхой загвар өгсөнчлөн 19-ний өдрөө Гандантэгчинлэн хйидийн Идгаачойлин дацанд Жадо ренбүүчигээс санваар авсан. Идгаачойжинлин дацанд долоо хоноод Архангай аймгийн Эрдэнэмандал суман дахь Дэбүн хийдийн Гоман дацанд гэвш Бумсанд шавь орсон. ...Гэгээнтнийг нутагтаа залрахад хур бууж хангай дэлхий баясаж, хүн ардын магнай тэнийн баясаж, сүсэгтнүүдэд сүсэг шинээр төрж, сүсэгтэйчүүдийн сүсэг улам дээшид арвидаж нутаг орон эзэнтэй боллоо гэж нутгийнхан ихэд бэлгэшээж байв. Түүнчлэн урьд дүрийн гэгээнтэн хийдийнхээ хажуу дахь модыг салаа нэмэгдэх үед миний дараагийн дүр тодорно гэж хэлж байсан хэмээн нутгийн хөгшчүүл хуучилж байсан бөгөөд үнэхээр ч тэр мод гурван салаа болж ургасан ажээ...” хэмээн бичсэн байдаг ажээ.
Б.Гантуяа


 
Холбоотой мэдээ