Байгууллагаараа элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-08 16:36:54
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Элэгний өвчлөлийг бууруулах, эрт оношлох, илрүүлэх зорилгоор Элэг бүтэн Монгол, Хавдаргүй Сүхбаатар дэд хөтөлбөрүүд тус тус хэрэгжиж байгаа билээ. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн л бол үнэ төлөргүй үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой. Үүний дагуу аймгийн ЗДТГ-ын хамт олон байгууллагаараа шинжилгээнд хамрагдлаа.
Сүхбаатар аймгийн ЗДТГ 40 орчим ажилтантай. Тэдний дунд 40-65 насны 15 хүн бий. Эдгээрээс гадна үйлчилгээний албаны хүмүүс, ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын ажилчид гээд 40-65 насны бүх ажилчид өнөөдөр элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдлаа. Хамт олноороо нэгдсэн үзлэгт орж байсан ч элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдаж байгаа нь анхны тохиолдол юм. Төрийн албан хаагчид гэдэг цаг наргүй ажилладаг учир тэр бүр эмнэлгээр явж, өөрсдийгөө үзүүлж харуулах боломжгүй байдаг. Харин байгууллага дээр мэргэжлийн баг ирж ийнхүү эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаад албан хаагчид талархаж байлаа.
Элэг нэгт Монгол хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа. Харин Хавдаргүй Сүхбаатар хөтөлбөр нь аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудын нэг бөгөөд дэд хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн 40-65 насны бүх иргэдийг үзлэг оношлогоонд хамруулахыг зорьж байгаа юм. Ингэхийн тулд эхлээд байгууллагууд санаачлагтай байж, хамт олноороо үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалав.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ