Уурхайчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-09 15:48:59
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Зохистой хөдөлмөр-2017" сарын аяны хүрээнд тус аймгийн Ховд голын гянт болдын ордод уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй "СС-Монголиа" компаний ажилчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Т.Нурлан мэдээллээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэг чиглэлээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт уурхайн 64 ажилтан оролцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр улсын байцаагчдын зүгээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, 4.1, 4.2 кодтой хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудсыг сурталчлан, хэлэлцүүлэгт хамрагдсан ажилтан бүрээр судалгаа авчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах замаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор дээрх хэрэглэгчийн хяналтын хуудсыг боловсруулан нэвтрүүлж байгаа аж.

Дашрамд хэлэхэд, «СС Монголия» компани нь одоогоор тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолтын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй цорын ганц аж ахуйн нэгж бөгөөд орон нутгийн 125 иргэнийг ажлын байраар хангаж байгаа аж.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ