Цаазын ялыг ОХУ-д эргүүлэн нэвтрүүлэх санал гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-10 13:38:52
Москва /МОНЦАМЭ/  ОХУ-ын Төрийн Думын аюулгүй байдал авлигатай тэмцэх хорооны дарга, депутат В.Пискарев цаазын ялыг эргүүлэн нэвтрүүлэх санал гаргажээ.

Тэрбээр террорист халдлага үйлдэж буй хүмүүст энэ нь хамгийн оновчтой ял болно хэмээн үзэж буй аж.

В.Пискарев хууль сахиулах байгууллагад ажиллах хугацаандаа Москва болон бусад хотуудад болсон олон террорист халдлагагыг шалгаж байсан учир ийнхүү цаазын ялыг ОХУ-д эргүүлэн нэвтрүүлэх саналыг ОХУ-ын Төрийн Думд тавьжээ.

1996 онд ОХУ Европын зөвлөлд нэгдэн цаазын ялгүй улс болсон билээ. Одоогийн байдлаар ОХУ-д бүх насаар нь хорих ял цаазын ялын оронд үйлчилдэг юм. В.Пискаревийн энэхүү саналыг дэмжиж буй хүмүүс олон байгаа учир 20 жилийн дараа ОХУ-д цаазын ял сэргэж болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.

Дашрамд дурдахад 2016 онд дэлхий дахинд цаазлагдсан хүний тоо өмнөх онуудтай харьцуулахад 37 хувиар буурсан үзүүлэлт гарсныг хүний эрхийн "Amnesty International" байгууллага мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар хамгийн их цаазын ял оноодог улсын жагсаалтыг Иран, Ирак, Саудын Араб, Пакистан, Египет зэрэг лалын шашинтай улсууд тэргүүлж байна.


/Москва хот/ Л.Нандинцэцэг

Холбоотой мэдээ