Шүүхийн үйлчилгээний хэсэг иргэдэд хүрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-12 10:00:40
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар шүүхийн нэг давхрын иргэдийг хүлээн авах хэсэг болох 61м2 талбайд засвар үйлчилгээ хийж иргэдийн ая тухтай үйлчлүүлэх, шүүхийн үйлчилгээний таатай орчныг бий болгон  “Шүүхийн үйлчилгээний хэсэг”-ийг ашиглалтанд оруулж нээлтийг нь хийв. \
Иргэд тухтай орчноос шүүхийн үйлчилгээг авахаас гадна шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах боломжийг бүрдүүлж "Таны хөтөч” схем зураг бүхий танилцуулгын самбар, ёс зүй болон харилцаа хандлагын талаар гомдол мэдээлэл, шүүхийн тамгын газарт өргөдөл гомдол гаргах журам дарааллыг харуулсан танилцуулгын самбаруудыг байршуулж Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар иргэдэд чиглэсэн үйлчилгээний тусгайлсан горим баталж мөрдүүлж байгаа гэнэ. Нээлттэй танхимд байрлуулсан 2 дэлгэцээр шүүх шүүх хуралдааныг ажиглах, бичлэг үзэх боломжтой аж.  Иргэд шүүхээс чирэгдэлгүй, тав тухтай орчинд үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа ба шүүхийн үйлчилгээний стандартыг тогтоож шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой ажээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх жил болгон зарлаж нийт шүүхийн тамгын газруудын дунд шүүхийн үйлчилгээг сайжруулах төсөл шалгаруулах уралдааныг зарласан байна. Уралдаанд Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын "Шүүхийн үйлчилгээг сайжруулах” төсөл шалгарч санхүүгийн дэмжлэг авсанаар иргэд шүүхийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдэж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ