ЭЕШ өгөхөөр явж байсан хүүхдүүд осолд орж, гурав нь амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-14 13:32:21
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны шөнө Мянганы замын босоо тэнхлэгийн дагуух Замын-Үүдээс Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан суудлын авто машин осолдож дөрвөн хүний амь эрсэдсэн хэрэг гарсан.
Хэргийн талаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах, ахлах байцаагч Г.Өлзийсүрэнгээс тодруулахад, “Зургадугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 40 минутын үед Дорноговь аймгийн Өргөн сумын нэгдүгээр багийн нутаг буюу Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчиж явсан ДГА 98-30 улсын дугаартай “Соната” маркийн авто машин ДГО 69-82 улсын дугаартай “North benz” маркийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна. Осол гарсан газарт цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн очиж ажилласан. Ослын улмаас тухайн суудлын авто машинд зорчиж явсан зургаан иргэний дөрөв нь газар дээрээ нас барж, хоёр иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Зам тээврийн ослын шалтгааныг Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй. Сүүлийн  үед босоо тэнхлэгийн авто зам дээр авто тээврийн осол цөөнгүй гарч байна. Жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг сайтар шалгаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох шаардлагатай” гэж анхааруулав.
Өөр эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчиж явсан  уг суудлын авто машинд Замын-Үүдийн ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуулийн таван хүүхэд Сайншандад элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр сууж явжээ. Ослын улмаас гурван сурагч, жолооч  нь амиа алджээ. Хүүхдүүд “Шанд жолоо” компанийн таксигаар үйлчлүүлж явсан байна. Авто ослын хэрэг гарсантай холбогдуулж орон нутгаас  комисс байгуулж ажиллаж байгаа аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ