Хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг өндөрсөж буйг онцолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-14 14:06:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Хуульчдын өдөр"-ийг угтан Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж байгаа "Хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг, чиг хандлага" сэдэвт форумыг өнөөдөр "Biue Sky Tower"-ын "Даймонд" танхимд болж байна.
Өглөө эхэлсэн хурлыг Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нээж, форумд оролцогчдод УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нарын мэндчилгээг уламжлав. 
Хуульчдын  форум нь тэдний нийгэмд хүлээх хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх, хуульчдын дуу хоолойг гаргах, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлаар бодлогын чиг хандлага өрнүүлэх, хуульчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн уламжлалт арга хэмжээ болсныг Ц.Ганболд онцолсон юм.
МХХ-ны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг " 2017 оны энэ удаагийн форумаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг тойрсон асуудлууд, удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй Эрүүгийн салбар хуулиуд, хууль зүйн тогтвортой орчныг хангах, хууль зүйн үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Хуульчдын холбооны хийх ажлын байр суурийг тодорхойлоход хуульчдын санал бодлыг сонсох ач холбогдолтой болж  байна" хэмээн ярив. Үдээс өмнөх хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Удирдлагын академийн дэд профессор, МХХ-ны Зөвлөлийн гишүүн Д.Сүнжид нар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Төрийн албаны шинэчилсэн найруулгад оруулах санал бодлоо дэвшүүлэв. Харин үдээс хойшхи хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, гавьяат хуульч Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувиар мэдээл өгч, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих  хэлтсийн дарга Ё.Сагсай зэрэг хуульч Эрүүгийн эрх зүйн шинэчлэл, Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх арга замыг хөндсөн үг хэлэв. Ер нь энэхүү форумд үг хэлж, санал гаргасан хуульчид "Хууль эрх зүйн тогтвортой орчин чухал" гэдэгт санал нэгдэж байв.
Өнөөдрийн форумд оролцсон хуульчид хэлэлцүүлгийнхээ төгсгөлд бодлого тодорхойлогчдод байр сууриа хүргэж, МХХ болон шүүх, прокурор, өмгөөлөгч, хуульчид, хуулийн зөвлөх, хууль зүйн эрдэмтдийн төлөөллийн үгийг эмхэтгэн гаргах юм байна. 
Мөн форумыг Нээлттэй нийгэм форум, "Чимид сан", "Иэл Си", "Жалайр Чо", " Анта энд партнерс" зэрэг өмгөөлийн товчоо ивээн тэтгэж байгааг зохион байгуулагчид дуулгав. Форумын танхимд хууль зүйн салбарын шинэ номын үзэсгэлэн худалдаа гаргасан байна. Хуулийн лавлагаа, мэдээллийн эмхэтгэлүүд ч тавьжээ.

Ж.Батсайхан 
Холбоотой мэдээ