Төв цэвэрлэх байгууламжийг засварлах Ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-31 13:38:44

Төв цэвэрлэх байгууламжийн засварлах ажлыг зохион байгуулах УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг гаргахаар тогтлоо.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны баасан гарагийн  /2015.10.30/ хуралдаанаар цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, Су.Батболд нар зарим зүйлийг тодруулж, холбогдох саналуудыг гаргасны дагуу уг Ажлын хэсгийг ажиллуулах шийдвэрийг гаргажээ.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. Тус байгууламж 50 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хоногт 170 мянган шоо метр усыг 65-70 хувь цэвэршүүлдэг байна. Тус байгууламж 500 мянган хүн ам бүхий суурин газарт ажиллах ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх зориулалтын технологтой байгуулагдсан.

Тэрбээр, өнөөдөр олон төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын химийн өндөр бохирдолтой бохир усыг цэвэршүүлж байгаа нь цэвэрлэгээний горимыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрсэн байна. Мөн техник, тоног төхөөрөмжийн элдэгдэл, байгаль орчны хүчин зүйлс ч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг зэрэг хүндрэлтэй олон асуудал үүсээд байгааг онцлон дурдав.

Мөн Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар С.Үнэн УИХ-ын гишүүдэд тодорхой танилцуулжээ.

Холбоотой мэдээ