Хятадын J-31 сөнөөгч онгоц 70 сая долларын үнэтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-06-20 13:54:23
БЭЭЖИН./TASS/. Гадаад орнуудад худалдахаар санал болгож буй Хятадын тавдахь үеийн сөнөөгч нисэх онгоцны үнэ 70 сая орчим доллар байх ажээ. Энэ тухай мягмар гарагт “China Daily” сонинд мэдээлсэн байна.

Тус сонинд бичсэнээр, 70 сая доллар гэдэг нь одоо зах зээлд байгаа тавдахь үеийн цорын ганц сөнөөгч онгоц болох Америкийн Lockheed Martin F-35 сөнөөгч онгоцны үнийн хагастай тэнцэж байгаа юм. АНУ уг сөнөөгч онгоцыг зөвхөн холбоотнууддаа нийлүүлдэг аж.

J-31 загварын онгоцыг даваа гарагт нээгдсэн “Ле Бурже-2017” агаар-сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Энэ нь Хятадын ийм загварын онгоцыг гадаадад болсон үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй хоёрдахь тохиолдол юм. Өмнө нь 2015 оны 11 дүгээр сард Дубайд болсон онгоцны үзэсгэлэнгийн үеэр J-31-ийг гадаадад анх удаагаа танилцуулж байжээ.

Самбар дээр тавьсан мэдээллийг үзвэл, J-31 онгоцны хөөрөх үеийн хамгийн дээд жин 25 тонн, 2205 км/ц хүртэл хурдлах чадвартай ба ашиглалтын хугацаа нь 30 жил ажээ.

Одоогийн байдлаар Хятад улс тавдахь үеийн J-20 ба J-31 гэсэн хоёр сөнөөгч онгоцыг зохион бүтээхээр ажиллаж байгаа юм.
О.Барс 

Холбоотой мэдээ