Онцгой байдлын алба хаагчдын дурсгалыг хүндэтгэсэн хөшөө сүндэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-20 14:59:09
Дорнод /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хөшөө удахгүй сүндэрлэх гэж байна. Одоогоос таван жилийн өмнө Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдыг мөнхлөх тус хөшөөг Чойбалсан хотын төв Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд босгох юм.

Хөшөөний нүүрэн хэсэгт Онцгой байдлын албаны лого бүхий “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” гэсэн бичээстэй, зүүн хэсэгт нь Монгол Улсын Төрийн дуулал, баруун хэсэгт нь ОБ-ын алба хаагчийн тангараг байх бол ар талд нь “Бид мартахгүй- Тэд эх орон төрөлх нутгаа алтан амиараа сольсон юм” гэсэн бичээстэй байхаар зураг төсөл гаргажээ.
Өндөр нь 4.70 метр бетон суурьтай, үндсэн хэсэг нь хүрэл цутгамал хөшөө байх юм.
Тус аймгийн Онцгой байдлын газраас Дорнодчууддаа хандаж хөшөөг барьж босгоход дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ