Гарал үүслийн бичиггүй мах хэрэглэхгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-20 18:43:39
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Иргэдийг гарал үүсэл тодорхойгүй малын махыг хэрэглэхгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сануулав.Малын гоц халдварт өвчин гарсан сумдаас нэг жилийн хугацаанд малын түүхий эд нийлүүлэхийг хориглож, хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Вакцин тариулсан малын түүхий эдийг 21 хоногийн дараа хэрэглэдэг байна. Гэтэлэ энэ хугацаанаас өмнө малчид худалдах тохиолдол бүртгэгдсэн талаар аймгийн МХГ-аас мэдээлэв.

Энэ оны хоёрдугаар сараас эхлэн Лүн сумын хяналтын цэгт мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн малын мах, түүхий эд тээвэрлэж явсан 1285 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ”-гүй болон бичиг баримтын зөрчилтэй буюу “БЗД тодорхойлолт”-гүй явсан 90 гаруй иргэнийг илрүүлж, саатуулсан бол долоон иргэнд торгууль ногдуулсан хэмээн аймгийн МХГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Ундрахбат хэллээ.

Төв аймгийн 27 сумын хэмжээнд 66 мал үйлчилгээний нэгж “Мал эмнэлгийн ариун цэврийн үйлчилгээний гарал үүслийн гэрчилгээ”-г олгож байгаа аж. Мөн сумын мал эмнэлгийн эмч дөрвөн төрлийн гэрчилгээ олгодог бөгөөд шаардлагатай гэж үзвэл яаралтай лабораторийн шинжилгээнд хамруулдаг байна.

“Малын түүхий эд нийлүүлэх гарал үүслийн гэрчилгээ” нь малын хулгай,  өвчилсөн малын мах, үхсэн малын мах сүү зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар албаныхан хэлж байлаа. Иймд иргэд гарал үүслийн бичиггүй, гарал үүсэл тодорхойгүй малын мах сүү хэрэглэхгүй байхыг аймгийн МХГ-аас анхааруулж байна. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ