“Манзуширийн хүчтэн” бөхийн дэвжээний хаалтын барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-20 19:16:33
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Манзуширийн хүчтэн бөхийн дэвжээнээс энэ жил үндэсний бөхийн есөн удаагийн барилдааныг цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд хаалтын барилдаан өчигдөр тавдугаар сургуулийн спортын зааланд болов.
Хаалтын барилдаанд Зуунмод сумын харьяалалтай барилдаанд 16 бөх зодоглож хоёрдугаар багийн харьяат сумын заан Дамдинсүрэнгийн Батсүх түрүүлж, тавдугаар багийн харьяат сумын заан Мөнгөндаваагийн Баасанцэнд үзүүрлэв.

Барилдааныг Ш.Шагжаа захиралтай “Аксион трейд”, З.Цэрэндулам захиралтай “Жи мобайл”, Г.Мөнхтулга захиралтай гэрэл зургийн “Дэгжин дизайн” компани болон сумын заан Д.Батсүх нар ивээн тэтгэлээ гэж Төв аймгийн Зуунмод сумын засаг дарга, "Манзушир хүчтэн" бөхийн дэвжээний тэргүүн Г.Мөнхбадрал онцолж байв.

Туршилтын журмаар хагас жилийн хугацаанд ажилласан тус бөхийн дэвжээ өнгөрөгч сард бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн баталсан юм. Барилдааны үеэр дэвжээний тэргүүнээр сонгогдсон Зуунмод сумын засаг дарга Г.Мөнхбадралд “Манзуширийн хүчтэн” дэвжээний “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, тамга зэргийг хүлээлгэн өгөв. Харин удирдах зөвлөлийн гишүүний үнэмлэхийг “Төв Чандмань ДЭХГ”-ын борлуулалт олон нийттэй харилцах албаны дарга Б.Зоригтбаатар, Дашчойхорлон хийдийн хамба лам Д.Даваанням нарт гардуулсан юм. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ