Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх журамтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-21 13:45:38
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13.1 дэх заалтад заасны дагуу байгалийн ургамал, ус, рашаан, ой, амьтны нөөц, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх зорилгоор «Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам»-ын төслийг боловсруулж, иргэдийн саналыг авч байна.  

Журмын төсөлд сумын Засаг дарга нь тухайн жилийн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төсвийн орлогыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан хувь,  хэмжээний доод хязгаар болон түүнээс дээш хэмжээгээр бүрдүүлэх саналыг сумын ИТХ-аар батлуулахаар заажээ. Мөн сумын Засаг дарга нь тухайн жилийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээ, зарцуулах төсвийг аймгийн Засаг даргатай хийх гэрээнд шалгуур үзүүлэлт болгон тусгах ажээ.

Харин төлбөрийн орлогын хэсгийг нэн ховор, ховор ургамлыг тарималжуулах, тархац нутгийг нөхөн сэргээх, бэлчээрийн менежментийг сайжруулах, усны үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ болон хаягдал усыг дэвшилтэд технологиор цэвэрлэх, тоолууржуулах, усны тухай хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, ойн хөнөөлт шавьж, өвчний хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зэрэг арга хэмжээнүүдэд зарцуулах юм байна.

Журмын төслийг маргааш аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж батлана.

Ө.Нурболат  
Холбоотой мэдээ