“Лалын улс” Хомс мужид амжилттай давшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-02 11:22:45

ДАМАСК. /BBC/. Сирийн төвийн Хомс мужийн Махин сууринг “Лалын улс” бүлэглэл тус улсын Засгийн газрын хүчнээс булаан эзэлжээ.  

Бямба гарагт амиа золиослогчид хоёр машин дэлбэлснээр давшилт эхэлсэн тухай Их Британид байрлах Сирийн хүний эрхийг ажиглах төв мэдээлэв. Ихэвчлэн Христийн шашинтнууд голдуу оршин суудаг, ойролцоох Садад сууринд ч мөргөлдөөн болжээ. 

Энэ давшилт АНУ тэргүүтэй эвсэл болон Орос улсаас Сирид өгч буй агаарын цохилттой зэрэгцэж байна. Сүүлийн саруудад “Лалын улс” бүлэглэл нь Сирийн төвийн Хомс муж руу хойд, зүүн талаас голдуу өргөжин тэлж байсан юм. Тус зэвсэгт бүлэглэл Палмирын эртний дурсгалыг хадгалдаг Тадмур сууринг тавдугаар сард, аль-Каряатайг наймдугаар сард эзлээд байгаа юм.

Махин, Сададыг эзлэн авсан нь “Лалын улс”-ыг хойд нутгийн хотуудтай холбох, Сирийн нийслэл Дамаскийг Хомс болон хойд нутгийн бусад хоттой холбодог голд 20 км ойрхон авчирч буй хэрэг юм.

Ням гарагт Сирийн асуудлаарх олон улсын хэлэлцээний талаар зөвлөлдөхөөр Сирийн Гадаад хэргийн сайд В.Муаллем НҮБ-ын энхийн элч Стаффан де Мистуратай Дамаск хотод уулзсан юм.

Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсан жагсаалаас үүдэн гарсан Сирийн дөрвөн жилийн дайнд 250 мянган хүний амь үрэгдэж, улсын хүн амын тал  буюу 11 сая хүн дүрвэн гарсан байна.

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ