Тэмээний баяр угтсан сорилго уралдаан Баяндалай суманд болов

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:54:39

Удахгүй зохиогдох уламжлалт Тэмээний баярыг угтсан аймгийн алдарт уяач М.Мөнхбаян, Б.Хосбат нарын алдрын мялаалга, сорилго уралдаан Баяндалай суманд хурдан ат, тайлаг, тором гэсэн 3 насны ангиллаара боллоо.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын тэмээн сүргийн тоо толгой энэ жил 4000-д хүрч байна. Ер нь сүүлийн 10 жилийн байдлаар тус суманд тэмээн сүргийн тоо өсөлттэй явж байгаа юм. Тэмээний удам угсааг сайжруулах, таваарлаг чанарыг дээшлүүлэх, зах зээлд гаргах, амьдын үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор аймгийн хэмжээний Цэгмид арслангийн нэрэмжит тэмээний уралдаан, уламжлалт тэмээний баяр зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. 

Өнгөрсөн онд тус сум тэмээний баярынхаа 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Анх тэмээний баяр зохион байгуулахад бүх нас нийлээд ч 10 хүрдэггүй цөөхөн хурдан тэмээ ирдэг байсан байна. Харин өнөөдөр баг сумын хэмжээнээс давж, бүр баруун бүсийг хамарсан зохион байгуулалттайгаар тэмээний уралдааныг явуулдаг болжээ. Нутгийн тэмээчин ард түмэн, алдарт уяачдын хөдөлмөр зүтгэлийн шимээр Баяндалай сум “Хурдан тэмээ” гэдэг тодотголыг орон нутагтаа буй болгож чадсан юм. Мөн шинэ цагийн монгол тэмээ гэдгийг хөгжүүлж байгаа нь энэ төрлийн МАА-н үсрэнгүй хөгжил мөн гэж сумын Малчдын холбооны тэргүүн Г.Буянхүү ярьж байна. 

Нутаг орондоо шинэ цагийн монгол тэмээг жишиг сайн хөгжүүлж байгаа олон малчин энэ суманд байна. Тухайлбал Баяндалай сумын Наран багийн тэмээчин Д.Өлзийсайханы хөх тэмээ. Уралдааны замыг 45 км/цагаас буухгүй туулдаг гээд аргагүй хурдан тэмээ аж. Түүнчлэн аймгийн алдарт уяач Б.Хосбатын шар тэмээ нь нутгийн ботгон тэмээ ба 19 жилийн ойгоор түрүүлэн эзэндээ унаа авчирсан, 20 жилийнхээ түүхэнд аймгийн хэмжээний томоохон уралдаанд хол тасархай түрүүлж, үнэхээр хурдан тэмээ гэдгээ харуулсан байна. Шинээр Ц.Баатарпүрэвийн хар, Цэвээндоржийн улаан гээд ирээдүйн олон уралдаанд өнгөлөх битүү тэмээнүүд олон гарч ирж байгаа гэнэ.

   Өмнөговь аймаг С.Сумьяа  

 

 

Холбоотой мэдээ