Дархан Төмөрлөгийн үйлдвэр хэвийн ажиллаж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн удирдлагууд Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр үйлдвэрийн Ерөнхий захирал Д.Батжавхлан үйлдвэрийнхээ өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тус үйлдвэр нь цувимал ган бүтээгдэхүүн болон төмрийн хүдрээ экспортод гаргаж байгаа аж. Одоогоор дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ унасан байгаа нь үйлдвэрлэлд нөлөөлж байгаа тухай танилцуулаад эдийн засгийн хямралын үед зөв хэмнэлт гаргахын тулд горим батлан хэрэгжүүлж нөөц боломжоо ашиглаж цогц арга хэмжээ авсны дүнд ажил хэвийн явж байна. Тухайн үедээ үйлдвэрийн зарим ажилчдад чөлөө өгсөн. Чөлөө олгосон ажилчдаа эргүүлэн дуудаж ажилд нь оруулж байгаа гэв. “Одоогийн байдлаар 300 гаруй хүн ажилдаа орсон бол Сэлэнгэ аймгийн гурван сумыг дамжсан авто замын ажилд 200 хүн ажиллаж байгаа бол баяжуулах үйлдвэрээ нэг хэсэг зогсоосон байсныг хэвийн горимд оруулан ажиллаж байгаа. Өнөөгийн байдлаар тус үйлдвэрт 1300 орчим иргэд ажиллаж байгаагаас 93 хувь нь Дархан хотын харъяат иргэд байна” гэж үйлдвэрлэл эрхэлсэн дэд дарга К.Энхчулуун ярив. Уулзалтын үеэр Дархан Төмөрлөгийн үйлдвэр дампуурах бус, ажил нь өрнөж байна. Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн “Уул уурхай металлургийн цогцолбор” байгуулах төслийг 2015-2019 онд хэрэгжүүлж байна. Гэрээний хугацаанд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж металлургийн цогцолбор барьж байгуулаад хугацаа дуусахаар төрд буцааж үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр дотоодын гангийн хэрэгцээг 100 хувь хангана. Түүнчлэн төмрийн хүдрийн нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр гадаад валютын урсгалыг наашлуулан, тогтвортой эх үүсвэрийг бий болгож ажлын байр нэмэгдэж манайхыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл ч өснө. Бас татварын орлого өсч, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж нэмж хэллээ. Гэхдээ Цогцолбор үйлдвэрийг одоогийн гангийн үйлдвэрийн дэргэд буюу Дархан, Хонгор сумын нутагт байгуулах төлөвлөлт хийгдсэн. Бүтээн байгуулалтад шаардлагатай 150 га газрын асуудлаас болж тус үйлдвэрийн ажил гацаанд оржээ. Аймгийн Засаг дарга А.Энхболд цогцолбор байгуулах техник эдийн засгийн үнэлгээ, байгаль экологид сөрөг нөлөөгүй байхаар төлөвлөсөн шийдлийг сайтар судлаж үзээд газар олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэв.
Б.Норовсамбуу