ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Зибюлле Кессаль-Вульф айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-29 17:42:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч доктор Зибюлле Кессаль-Вульф Ханнс-Зайделийн сангийн Тэргүүн захирал доктор П.Виттерауф, Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэнгийн дарга С.Лютер, Зүүн хойд Азийн хэлтсийн дарга В.Ланге нар манай улсад  ажлын айлчлал хийж эхэллээ.
 
Тэд Ханнс-Зайделийн сангийн урилгаар энэ сарын 29-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийх бөгөөд  Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн хуралд оролцож, ҮХЦ, ХЗДХЯ, ШЕЗ болон албаны бусад хүмүүстэй уулзаж Монгол Улс, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны хамтын ажиллагааг товч дүгнэн цаашид өрнүүлэх ажлын талаар санал солилцох юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран маргааш олон улсын бага хурал зохион байгуулах юм байна.

Тус хуралд Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс гадна ХБНГУ, ОХУ, Япон, Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид оролцож парламент болон үндсэн хуулийн шүүх хоорондын харилцааны зөрчилдөөнтэй байдал, үндсэн хуулийн шүүхүүдийн тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв, үндсэн эрхийн маргаан, түүнийг шийдвэрлэх боломж, хандлага зэрэг сэдвээр илтгэл тавих аж.
 
Мөн үеэр  ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч доктор Зибюлле Кессаль-Вульф “Парламент болон Үндсэн хуулийн шүүх хоорондын зөрчилдөөн” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Тэрээр илтгэлдээ, Холбооны Үндсэн хуулийн шүүхийн байр суурь, түүнийг ХБНГУ-д хэрхэн баталгаажуулдаг, улс төрийн нөлөөнөөс ангид байх чиглэлд эрх зүйн ямар орчныг бүрдүүлэх,  шүүх улс төрийн хүрээнийхэнтэй ямар харилцаанд  байх зэрэг асуудлыг шүүгчийн болон судлаачийн байр сууринаас хөндөх аж.

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан нь  Засгийн газартай 2015 онд шинэчлэн байгуулсан хэлэлцээрийн хүрээнд манай улстай эрх зүй болон захиргааны салбарт хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулах, нийт захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийг боловсруулахад дээрх сан дэмжлэг үзүүлсэн бөгөөд үндсэн хууль, захиргаа, эрүүгийн эрх зүйн чиглэлд 2001 оноос хойш нийт 25100 хүнийг сургалтад хамруулжээ.

Б.Заяа
Холбоотой мэдээ