Дөрвөн аймгийн төвд цэвэрлэх байгууламж барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-30 13:39:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь болон Архангай аймгийн төвд тус бүр 3000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих болж, өнөөдөр БХБЯ, Сангийн яам болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны удирдлагууд гэрээ байгуулав.

Дээрх аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжууд 1970-1996 оны хооронд баригдсан байна. Хүн амын төвлөрөл, хотжиллтой холбогдуулан цэвэрлэх байгууламжуудын ачаалал хэтэрч, эвдрэл гэмтэл гарах болжээ. Тиймээс яаралтай шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлана үүссэн байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 21.7 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Монгол Улсын Засгийн газар 1.74 сая  ам.доллар гаргах бол Билл Гейтсийн сан нэг сая ам.долларын буцалтгүй тусламж болгон олгох юм. Харин үлдсэн 19.43 сая ам.долларыг АХБ хөнгөлөлттэй нөхцлөөр, 25 жилийн хугацаатай зээлээр олгох аж. Төслийн удирдлага,барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөхөөр БНХАУ-ын “Изень интернэшнл” ажиллах бол туслан гүйцэтгэгчээр Монголын “Монхидро констракшн” компани шалгарчээ. Төслийг энэ оны гуравдугаар улирлаас хэрэгжүүлж эхлэх бөгөөд ирэх оны сүүл гэхэд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.

Монгол Улс АХБ-тай 1991 оноос хойш тууштай хамтран ажиллаж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд АХБ Монгол Улсын барилгын салбарт 312.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний нэг жишээ нь өнөөдрийн цэвэрлэх байгууламжийн гэрээ юм. Энэхүү хөрөнгөөр бид аймгууддаа хамгийн сүүлийн үеийн байгаль орчинд ээлтэй технологи бүхий цэвэрлэх байгууламжийг барих болно хэмээн БХБ-ын сайд Г.Мөнхбаяр хэллээ.

ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу АХБ Монгол Улсад 900 сая ам.долларын санхүүжилт хийх ёстой. Өнгөрсөн сарын 31-нд эхний ээлжийн 250 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна. өнөөдөр хоёр дахь ээлжийн төслийн гэрээ байгуулж байгаа юм хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлов.

Тэрбээр, “Монгол Улсын эдийн засаг сэргэх эхний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Энэ онд эдийн засгийн өсөлт 0.2 хувь байна гэж тооцоолж байсан бол эдүгээ 4.2 хувь давсан байна. 2018 онд 6 хувьд хүрэх байх гэсэн хүлээлттэй байгаа юм” гэлээ.

Цаашдаа Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн төвд шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөн, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм. Харин Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах чиглэлээр Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас судалгаа явуулж байгаа бөгөөд ирэх 7, 8 сар гэхэд санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх компани зэргийг тодорхой болгон гэдгийг Сангийн яам болон БХБЯ-наас мэдээлэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ