Дэлхийн шилдэг саксафонич Жессе Дейвис Монголд иржээ

Монголын мэдээ | Соёл урлаг
altankhuyag@montsame.mn
2017-07-03 10:38:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Жазз хөгжмийн дэлхийн од, алдарт саксафонич Жессе Дейвис Монголд иржээ. Тэрээр энэ сарын 4-нд ДБЭТ-т тоглох гэж байна. "Jazz Lab"-aaс зохион байгуулж буй тус тоглолтонд Жессе Дейвис,  Паул Кирби ( төгөлдөр хуур), Мартин Ценкер (басс), Мин Чан Ким (бөмбөр) гэсэн хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй куартетын хамт тоглоно. Өмнөд Солонгос улс Жессе Дейвисийг “Дэлхийн хамгийн сайн саксафонич” гэж нэрлэсэн ба үүнтэй Мартин Ценкер ч санал нийлжээ.
Тэдний аялан тоглолт Өмнөд Солонгос улсад өнгөрсөн сарын сүүлээр эхлээд байв. Тоглолтыг зохион байгуулах "Jazz Lab"-ын үүсгэн байгуулагч Т.Мандхай "Нийслэл Guide"-д өгсөн ярилцлагандаа Жессе Дэвисийг бипоп жаззаар тоглодог гэдгийг онцлон, “Бибоп нь жазздаа маш хүнд бөгөөд импровизаци гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хийж болдог төрөл” гэсэн байлаа. Өөрөөр хэлбэл манай улсад жазз хөгжмийн хүнд бөгөөд гайхамшигтай төрлөөр тоглодог хөгжимчид хүрэлцэн ирээд буй юм.
"Jazzlab"-ийн урилгаар Монголд хоёр дахь удаа ирэх гэж байгаа Жессе Дейвис 1988 онд жазз, блюз хөгжмийн сэтгүүл "Down Beat"-ийн шагналыг авч байв. Тэрээр анх 11 настайдаа   саксафон хөгжмийг гартаа барьж үзжээ. Жессе Дэйвисийн хамтлаг дэлхий даяар 100-гаас илүү концерт тоглосон. Өмнөд Солонгосоос эхлэсэн энэ удаагийн тоглолтын бөмбөрчин Ким Минчан нь Мартин Ценкерийн хэлсэнээр “Солонгосын номер 1 бөмбөрчин”. Тэгээд мэдээж Мартин Ценкер, Паул Кирби нар олон улсын шилдэг хөгжимчдийн нэг билээ.
 
Ж.Болор
 
 
Холбоотой мэдээ