Хууль бусаар ажиллаж байсан автомат тоглоомын газрыг хаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 16:48:33

Орхон аймагт гурван зочид буудалд автомат тоглоомын газар ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг хуулийн байгууллагынхан илрүүлж түр хугацаагаар хаалаа.

“Эрдэнэт” “Сонор хайрхан”, “Саян” зочид буудалд автомат тоглоомын газар  багагүй хугацаанд ажиллаж байжээ. Автомат тоглоомын газрыг цахим тоглоомын төрөлд багтааж  зөвшөөрлийг нь Харилцаа, Холбооны зохицуулах хороо олгодог  байна. Өөрөөр хэлбэл, цахим тоглоомын газрын зөвшөөрлийг тухайн орон нутгийн АЗДТГ,  ОБГ, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэж ХХЗХ  олгодог.

Дээрх зочид буудлуудад автомат тоглоомын хоёр төрлийн машин ажиллаж байжээ. Автомат тоглоом нь  цахим гэхээсээ казиногийн төрөлд багтдаг.  Манай улсад хэрэгжиж буй “Тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэсэн байдаг юм. Иймд эл асуудлыг Харилцаа, Холбооны зохицуулах хороо шийднэ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ