"Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн тэмцээн болов

Монголын мэдээ | Спорт
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:04:24

Өнгөрсөн сарын 29-ний өглөөний 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн "Өөрийгөө Ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн тэмцээний гүйгчид бүтэн нэг өдрийн турш тасралтгүй гүйцгээж ням гарагийн өглөөний 10:00 цагт барианд орцгоолоо.

Тус 11 дахь удаагийн тэмцээнийг Шри Чинмойн Марафаны баг, Нийслэлийн БТСГ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж явуулсан бөгөөд энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон явагддаг ба манай орны хувьд хэт холын зайн гүйлтийн хамгийн урт зайн төрөлд багтдагаараа онцлог тэмцээн юм. 2014 оноос эхлэн олон улсын стандартын дагуу Спорт эрүүл мэндийн яамнаас тус тэмцээний төрөлд тамирчдад улсын зэрэг цол олгохоор болжээ. Тэмцээний зорилго нь Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийгөө танин мэдэх, тэвчээр хатуужил олгох, улмаар хэт холын зайн гүйлтийн стандартыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэгдэж байсан юм.

Тэмцээн нь 12 ба 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50 аас дээш 3 насны ангилалд тамирчдыг шалгаруулсан бөгөөд тухайн насны ангилалд 12 ба 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан гүйгчид нь ялагчид болцгоов. Тэмцээний зам нь 1км-ийн тойргоор явагдсан бөгөөд хяналтын тойргийн шүүгчид, улсын зэрэгтэй шүүгчид бүтэн өдрийн турш ажиллажээ. Тэмцээний явцад гүйгчдийн биеийн байдал, эрүүл мэндийг эмч нар тодорхой цагийн хуваариар хянасан бөгөөд массаж хийх сувилагчид ажилласан байна. Мөн гүйлтийн явцад биеийн алдагдсан энергийг нөхөх хоол тэжээлээр гүйгчдэд тогтмол үйлчилжээ.

Энэ оны 4-р сард 24 цагийн гүйлтийн спортын эрэгтэй ангиллын Монгол Улсын дээд амжилтыг олон улсын хэмжээний мастер Н.Баяртулга Итали улсын Цурин хотноо гүйж 201.86 км-ээр шинэчлэн тогтоосныг 4 сарын дараагаар буюу тус тэмцээний үеэр "Үсрэлт 21-р зууны клуб"-ын гүйгч олон улсын хэмжээний мастер П.Отгонбаатар 213.00 км зайг гүйж дахин шинэчлэн тогтоосон бол 12 цагийн гүйлтийн улсын дээд амжилтыг ОУХМ Ц.Батжаргал 135.00 км-ээр (117 км) шинэчлэн тогтоосон байна. Эдгээр үзүүлэлт нь манай орны гүйлтийн спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын гүйлтийн спортын амжилтууд жилээс жилд ахин дэвшиж байгаагийн нэг илрэл юм гэж тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс дүгнэн хэлж байв.

Түүнчлэн тус тэмцээний үеэр шинээр 4 тамрчин гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер, 23 тамирчин гүйлтийн спортын дэд мастер, 1,2,3-р зэргийн болзолуудыг хангасан байна. Хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор, Увс зэрэг аймгуудаас тамирчид оролцсоны дотор идэвхтэй оролцсон байгууллага хамт олноор гүйлтийн спортын Үсрэлт 21-р зууны клуб шалгарчээ. Тэмцээнд нийтдээ 50 гаруй тамирчид оролцсон байна. 

12 цагийн гүйлтийн 20-34 насны эрэгтэй ангилалд Үсрэлт 21-р зууны клубын тамирчин ОУХМ Ч.Батжаргал 135 км гүйж, 35-49 насны эрэгтэй ангилалд УБТЗ-ын замын 2-р ангийн Замчин спорт клубийн тамирчин дэд мастер Т.Лхагвасүрэн 95 км гүйж, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд Үсрэлт 21-р зууны клубын тамирчин ОУХМ Д.Дамдинжав 111 км гүйж 20-34 насны эмэгтэй ангилалд Сүлд спорт хорооны 2-р зэргийн тамирчин Г.Ууганцэцэг 77 км гүйж, 35-49 насны эмэгтэй ангилалд 1-р зэргийн тамирчин Б.Алдармаа 83 км гүйж 50-аас дээш насны эмэгтэй ангилалд Шри Чинмойн Марафоны Багийн тамирчин спортын дэд мастер Б.Отгонбаяр 72км  гүйцгээж тэмцээний тэргүүн байруудыг эзэлж алтан медаль, цом мөнгөн шагнал хүртжээ.

Мөн 24 цагийн гүйлтийн 20-34 насны эрэгтэй ангилалд ОУХМ П.Отгонбаатар 213,0 км гүйж, 35-49 насны эрэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн 3-р зэргийн тамирчин Р.Чинзориг 125 км гүйж, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд Эрдэнэт үйлдвэрийн тамирчин ОУХМ Б.Оюунбаатар 160,0 км гүйж, 20-34 насны эмэгтэй ангилалд ЧД-ийн 2-р зэргийн тамирчин М.Цэцэгдарь 103 км гүйж, 35-49 насны эмэгтэй ангилалд БГД-ийн 1-р зэргийн тамирчин Ц.Алтансувд 124 км гүйж, 50-аас дээш насны эмэгтэй ангилалд СХД-ийн спортын дэд мастер Ц.Оюунсүрэн 131 км гүйцгээж тэмцээний тэргүүн байруудыг эзэлж алтан медаль, цом мөнгөн шагнал хүртэцгээсэн байна. Цаг агаарын хувьд өдөртөө дулаавтар, шөнөдөө 1 градус хүртэл хүйтэрсэн байна.

 12 цагийн гүйлтийн гүйгчид:

20-34 насны эрэгтэй ангилалд:

- ОУХМ Ч. Батжаргал 135 км Үсрэлт 21-р зууны клуб

- 1-р зэргийн тамирчин Ц. Батхуяг 108 км Сүлд спорт хороо

- М.Ган-Эрдэнэ 76 км Сүлд спорт хороо

 

35-49 насны эрэгтэй ангилалд:

- спортын дэд мастер Т.Лхагвасүрэн 95км УБТЗамын 2-р анги Замчин спорт клуб

- 3-р зэргийн тамирчин Б.Баянмөнх  77км БЗДүүрэг

-Б.Доржбат 68км СБД

 

50-с дээш насны эрэгтэй ангилалд:

-  ОУХМ Д.Дамдинжав 111 км Үсрэлт 21-р зууны клуб

-  1-р зэргийн тамирчин С.Ганхүү 80км Сүхбаатар аймаг

-  2-р зэргийн тамирчин Д.Бадрах 75 км Дархан-Уул аймаг

 Эмэгтэй

20-34 нас

-  2-р зэргийн тамирчин Г.Ууганцэцэг 77 км Сүлд спорт хороо

-  2-р зэргийн тамирчин Г.Ган-Эрдэнэ 76 км ШЧМБаг

-  3-р зэргийн тамирчин Ж.Маралмаа 67 км ЧД

 

35-49нас

- 1-р зэргийн тамирчин Б.Алдармаа 83 км Үсрэлт 21-р зууны клуб

- 3-р зэргийн тамирчин Б.Баярмаа 78 км ШЧМБаг

- 3-р зэргийн тамирчин Б.Алтанхүү 59 км БГД

 

50-с дээш нас

- Спортын дэд мастер Б.Отгонбаяр 72 км СХД

- 2-р зэргийн тамирчин С.Толя 46 км ЧД

 

24цагийн гүйлтийн гүйгчид:

 

20-34 насны эрэгтэй ангилалд:

- ОУХМ П.Отгонбаатар 213 км Үсрэлт 21-р зууны клуб

- 1-р зэргийн тамирчин Б.Баярхүү 167 км Дорноговь аймаг

-  Т.Баясгалан 103 км БГД

 

35-49 насны эрэгтэй ангилалд:

- 3-р зэргийн тамирчин Р.Чинзориг 125км ЧДүүрэг

 

50-с дээш насны эрэгтэй ангилалд:

-  ОУХМ Б.Оюунбаатар 160 км Орхон-Уул аймаг

-  2-р зэргийн тамирчин Ч.Цогоо 117км МХХМГХолбоо

-  3-р зэргийн тамирчин Ж.Одгийв 105 км ЧД

 Эмэгтэй

20-34 нас

-  2-р зэргийн тамирчин М.Цэцэгдарь 103 км ЧД

 

35-49нас

- 1-р зэргийн тамирчин Ц.Алтансувд 124 км БГД

- спортын дэд мастер Сэ.Оюунгэрэл 123 км БГД

- 2-р зэргийн тамирчин Х.Олонбаяр 105 км СБД

 

50-с дээш нас

- Спортын мастер Ц.Оюунсүрэн 131 км БГД

- 1-р зэргийн тамирчин Д.Баярсайхан 117 км БЗД

- Спортын дэд мастер Л.Сумъяа 115 км БЗД

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд