Хүний бие махбодь ХДХВ-ээс ангижирсан тохиолдол ӨАБНУ-д бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bars@montsame.mn
2017-07-25 15:01:09
АСТАНА./КАЗИНФОРМ/. ДОХ-ыг үүсгэдэг ХДХВ вирусийг хүний бие махбодь устган дарж, өөрийгөө эдгээж чадсан тохиолдол ӨАБНУ-д бүртгэгджээ. Нэгэн охин эмчилгээ хийлгэснийхээ дараа найман жилийн турш эм уухгүй байгаа боловч цусан дахь вирусийн тоо нь нэмэгдэхгүй байгааг  тогтоожээ. Энэ тухай Reuters агентлаг Парист болсон ХДХВ, ДОХ-той тэмцэх бага хуралд оролцсон судлаачдын илтгэлээс иш татан мэдээлсэн байна.

Илтгэлд ХДХВ-ийн халдвартай төрсөн ӨАБНУ-ын иргэн 9 настай охинтой холбоотой тохиолдлыг дурджээ. Хоёр сартай байхдаа энэ охин ХДХВ-ийн эсрэг бэлдмэлээр курс эмчилгээ хийлгэсэн ба уг эмчилгээ 40 долоо хоногийн турш үргэлжилжээ. Үүний дараа бэлдмэлийг уухаа зогсоосон ба найман жилийн туршид охины биеийн байдал муудсан шинж байдал ажиглагдаагүй бөгөөд түүний бие организмд ердөө цөөн тооны халдварлагдсан эсүүд үлдсэн байгаа нь тогтоогджээ. Цусанд нь байгаа вирусүүд үржих чадваргүй болсон байна.

Энэ тохиолдол бол ХДХВ-гийн халдвар авсан өвчтөнүүдэд халдвар авсан даруйд нь шууд эрчимтэй эмчилгээ хийсэн тохиолдолд удаан хугацаанд уг өвчнийг намдмал байдалд байлгаж болно гэдгийн нотолгоо юм.

“Энэ тохиолдол нь хариулт гэхээсээ илүү олон асуултыг бий болгож байна. ХДХВ-ийн эмчилгээ өвчтөний насан туршид нь үргэлжлэхгүй байж болно гэдгийг энэ тохиолдол харуулж байна. Гэхдээ энэ бол тун ховор үзэгдэл” хэмээн Олон улсын ДОХ-ын нийгэмлэгийн ерөнхийлөгч Линда Гейл Беккер хэллээ.

ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс цусан дахь вирусийн тоогоо бага түвшинд байлгахын тулд насан туршдаа вирусын эсрэг эм бэлдмэл ууж байх ёстой болдог. Эмчилгээгээ зогсоосон тохиолдолд вирус цусанд нь үржиж эхлэн, яваандаа ДОХ-ын шинж тэмдэг үүсэхэд хүргэдэг байна.

О.Барс 

 

 
Холбоотой мэдээ