Малын гоц халдварт өвчний голомттой бүсээс хурдан морьд уралдуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-26 10:25:32
Дундговь/МОНЦАМЭ/ Өөрийн аймаг болон зэргэлдээ аймаг сумын нутагт  малын гоц халдварт өвчний голомт үүссэн тул энэ нутгаас Дундговь аймгийн баяр наадамд хурдан морьд уралдуулахыг хориглох тухай захирамжийг өнөөдөр аймгийн Засаг дарга гаргалаа.
Дундговь аймаг энэ жилийн баяр наадмаа нэрт соён гэгээрүүлэгч Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойд зориулан говийн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган энэ сарын 29- 30-ны өдөр товлоод байгаа юм.
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нийслэлийн Хан- Уул дүүргийн Өлзийт хороо, Төв аймгийн Сэргэлэн сум, хонины цэцэг өвчний голомт үүссэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутгаас Говийн бүсийн хурдан морьдын уралдаан, Дундговь аймгийн баяр наадамд хурдан морьд уралдуулахыг ийнхүү хоригложээ. Түүнчлэн дээрхи бүс нутгаас чиглэсэн малын хөдөлгөөнийг хязгаарлаж, Дундговь аймгийн нутгаар дамжин өнгөрүүлэхгүй байхад хяналт тавьж  пост байгуулан ажиллахыг Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Адаацаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ