АНУ-ын хөлбөмбөгчид КОНКАКАФ-ын Алтан цомыг 6 дахь удаагаа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-07-27 12:57:25
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Ямайкийн багийг хожсоноор Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн сав газрын орнуудын хөлбөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Алтан цомыг хүртлээ. Алтан цомын төлөөх тэмцээн АНУ-д болсон юм.

Калифорни муж улсын Санта-Клара хотод болсон АНУ-Ямайкийн багуудын тоглолт 2:1 харьцаагаар өндөрлөсөн байна. Америкийн багийн Жози Алтидор 45 дахь минутанд, Жордан Моррис 88 дахь минутанд тус тус гоол оруулсан бол ямайкчуудаас Жи-Вон Уотсон 50 дахь минутанд америкчуудын хаалганд бөмбөг орууллаа.

КОНКАКАФ-ын Алтан цомын төлөөх тэмцээн 1991 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд АНУ-ын шигшээ баг нийтдээ 6 дахь удаагаа уг цомыг хүртэж байгаа нь энэ юм. Одоо америкчууд 2021 оны Тив хоорондын цомын тэмцээнд оролцох эрх авахын тулд 2019 оны КОНКАКАФ-ын Алтан цомын эзэн болсон багтай өрсөлдөх юм.

Дашрамд дурдахад, Мексикийн шигшээ баг Алтан цомыг нийтдээ 7 удаа хүртсэн ажээ. Энэ удаагийн тэмцээнд тус баг хагас шигшээд шалгаран үлдээд Ямайкийн багт хожигдсон байна. 
Х.Сарнай



 
Холбоотой мэдээ