Их эрдэмтнээр овоглосон Дундговийн наадам шинэ цэнгэлдэх хүрээлэндээ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-29 15:35:11
Дундговь/МОНЦАМЭ/  Дурьдах хэд хэдэн онцлогтойгоор  Дундговийн наадам өнөөдөр эхэллээ. Энэ жилийн наадам Монголын судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, нэрт соён гэгээрүүлэгч, их бандида Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэлмий гийсний 150 жилийн ойд зориулан түүний алдарт бүтээл “Алтан дэвтэр” зохиолоор нэрлэгдсэн нь гол онцлог болж байна. Түүнчлэн Говийн бүсийн хурдан морины “Их мандал” уралдаантай хамтатгасан нь энэ жилийн наадам урьд урьдынхаас  өргөн дэлгэр байж, цаг агаарын хувьд ч ган тайлагдсан таатай үе тохиосонд наадамчин олны сэтгэл өег байна.  Мөн Мандалговь  хотын цэнгэлдэх хүрээлэнгийн эхний барилга ашиглалтад орж, шинэ цэнгэлдэх хүрээлэндээ хийж буй анхны наадам гэдгийг ч онцлохоор байна.
Баяр наадмын нээлтийн эхэнд Дундговь аймгийн Дашгэмпилэн хийдийн лам нар шинэ цэнгэлдэх хүрээлэнд равнай өргөж ном хурсан. Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн жил барьж эхэлсэн бөгөөд дөрвөн иж бүрдэл барилга байхын эхний хэсэг нь  ашиглалтад орсон нь энэ юм. Үүнд орон нутгийн хөгжлийн сангаас тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.
Баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга үг хэлсэн. Тэрээр төрөлх нутгийнхаа баяр наадмыг хол ойроос зорин ирсэн зон олондоо мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, “Дээдийн номын эш онолыг илт туулж, бурханы шашинт улс  үндэстнүүдийн дундаа Зава гавж нэрээрээ алдаршин гийсэн Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ой, Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 76 жилийн ойн баяр наадмаар нутаг усныхаа нэр алдрыг улс, тив дэлхийд цуурайтуулж төрийн дээд шагнал Монгол Улсын гавъяат цолоор шагнуулсан урлаг соёл, спортын алдартнууд, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд олноор төрсөн нь  баяр дээр баяр нэмсэн чимэгтэй үйл явдал болж байна” хэмээн тодотгон дурьдсан юм.
Засаг дарга О. Бат- Эрдэнэ нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхээр баяр наадмын төв талбайн индэрт морь унаж хүрэлцэн ирсэн бол Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдаас эхлээд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамт олон өнгө ижилсүүлэн жагсч, наадамчин олны баярт жавхаа нэмсэн юм. Үүний араас Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн тоглолт үргэлжилсэн бөгөөд тоглолтын нэг хэсэг нь Зууны манлай уртын дуучин, МУГЖ Ж. Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын циркчин хүүхдүүдийн үзүүлбэр байлаа. Өсвөрийн циркчдийн улсын уралдаанаас нэг бус удаа шагнал авчирсан Дундговь аймагт бэлтгэгдэж буй анхны циркчид гэдгээр хүүхдүүдийн үзүүлбэрийг наадамчид халуун дотно алга ташилтаар хүлээн авсан юм.
Дундговийн наадам ийнхүү эхэлсэн. Баяр наадам өнөөдөр хүчит бөхийн нэг, хоёрын даваа, азарга, соёолон, шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилнэ.
 
Т. Отгонтуяа



Холбоотой мэдээ