ДЭМБ: Йеменд холероор нас барсан хүмүүсийн тоо 1992-т хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-07-31 14:49:39
САНАА. /Xinhua/. Дайны хөлд нэрвэгдсэн Йемен улсад энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш холер буюу  булчин задрах тахлаар нас барсан хүмүүсийн тоо 1992-т хүрсэн тухай ДЭМБ мэдэгдлээ.

Тус байгууллагаас бямба гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, дөрөвдүгээр сарын 27-ноос хойш 419 804 хүн холерын халдвар аваад байна.

Тус улсын баруун өмнөд нутгийн Хажжа муж болон Улаан тэнгисийн эрэгт орших Ходейда боомт хотод холероор хамгийн олон хүн нас барсан байна.

Халдвар авсан хүмүүсийн тоо “өдөрт дунджаар 5000-аар” нэмэгдэж байна гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ.

2017 оны эцэс гэхэд Йеменд холерын халдвар авсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэн 600 мянгад хүрэх төлөвтэй байна гэж Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг анхааруулсан байна.

Хоёр жил гаруйн өмнөөс дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улс үндсэндээ мөхлийн ирмэгт ирээд байна. Тус улсын 19 сая хүн амын гуравны хоёрт нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. 10.3 сая хүн өлсгөлөнгөөр амиа алдах эрсдэлд орсон бол 14.5 сая хүн ундны усны хомсдолд оржээ.

Тус улсын эмнэлгүүдийн 45 хүрэхгүй хувь нь л үйл ажиллагаа явуулж байна. Гэвч эдгээр эмнэлгүүдэд эм тариа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдсаар байгаа юм. 
 Г.Доржханд
 


 
Холбоотой мэдээ