Өмнөд Суданы дүрвэгчдэд туслахыг НҮБ-ын тэргүүн уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-03 13:53:42
КАМПАЛА. /Kyodo/. Өмнөд Суданд болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дайжиж байгаа хүмүүст туслахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриаллаа. Өмнөд Суданы дүрвэгчдийн нөхцөл байдлыг 1990-ээд оны дундуур Руандад хүмүүсийг үй олноор нь хоморголон устгаснаас хойш Африк тивд болж буй “хамгийн том хямрал” гэж тэрбээр тодорхойлов.
 
Өмнөд Суданы хөрш Уганда улсын нийслэл Кампала хотод НҮБ-ын санаачилгаар өчигдөр зохион байгуулсан хандивлагч орнуудын бага хурлын үеэр өмнөд суданчуудад туслахыг А. Гутерриш уриалсан байна.
 
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Уганда улс нь Өмнөд Суданаас 1.25 сая дүрвэгчийг хүлээн авчээ. Тэдний ихэнх нь биеийн болоод сэтгэлийн шархтай хүүхэд, эмэгтэйчүүд аж.
 
Уганда дахь Өмнөд Суданы дүрвэгчдэд туслах зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрт  10 сая долларын санхүүжилт өгөхөө Япон улс мэдэгдэхийн сацуу дүрвэгчдэд чадах бүхнээрээ туслахаа илэрхийлжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ