Буркина-Фасогийн нийслэлд террорист халдлага болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-08-14 11:30:38
УАГАДУГУ. /AFP/. Баруун Африкийн Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотын төвд өчигдөр орой террорист халдлага болсны улмаас 17 хүн амь үрэгдэж, найман хүн шархадсан тухай тус улсын Засгийн газар мэдэгдлээ.

Нүдээр харсан гэрчүүдийн ярьсанаар, гурван зэвсэгт этгээд зочид буудал болон рестораны гадна сууж байсан үйлчлүүлэгчид рүү гал нээжээ.

Тус хотын төвд хөл хорио тогтоосон байна. Мөн тус хот дахь АНУ-ын ЭСЯ хотын төвөөр явахгүй байхыг иргэддээ анхааруулжээ.


Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус хотод нэгэн кафе руу зэвсэгт этгээдүүд дайрч орон 30 хүнийг хөнөөж, 170 гаруй хүнийг барьцаалж байсан юм.

Уг халдлагын хариуцлагыг “Аль-Каида”-тай холбоо сүлбээтэй, Сахелийн бүсэд идэвхтэй ажиллагаа явуулдаг нэгэн бүлэглэл хүлээж байв.

Буркина-Фасо нь Африкийн Сахелийн бүс нутагт оршдог улс бөгөөд тус бүс нутгийн улсууд, тэдгээрийн дотор Малид лалын босогчдын бүлэглэлүүд 2012 оноос хойш “идэвхтэй” ажиллагаа явуулж байгаа юм.

Г.Доржханд
Холбоотой мэдээ