"Алуурчин роботууд" ирж явааг дэлхийн эрдэмтэд анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-08-21 13:17:24
МЕЛЬБУРН. /Xinhua/. “Алуурчин роботууд” улам бүр хөгжихөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг дэлхийн олон улс орны эрдэмтэд НҮБ-д уриаллаа.

Австралийн Мельбурн хотноо болж буй Хиймэл оюун ухааны талаарх олон улсын их хуралд оролцож буй дэлхийд алдартай 100 гаруй эрдэмтэн НҮБ-д өнөөдөр ил захидал илгээжээ.

Уг захидалд “Пандорагийн хайрцаг нэгэнт нээгдвэл хаахад хэцүү” гээд, хиймэл оюун ухаан ашиглан роботуудыг улам боловсронгуй болгож байгааг зогсоохыг уриалжээ.
 
Хиймэл оюун ухааны мэргэжилтэн Тоби Уолш, “Tesla” компанийн тэргүүн Элон Маск, Хятадын “UBTECH” корпорацийн захирал Жеймс Чоу тэргүүтэй дэлхийн шинжлэх ухаан ба бизнесийн салбарын 116 алдартан хэлэхдээ “Үхэлд хүргэх аюултай бүрэн автомат зэвсгүүд буюу хиймэл оюун ухаан суурилуулсан алуурчин роботууд нь химийн болон биологийн зэвсэгтэй адил учир дайн байлдааны талбарт ийм зэвсгийг ашиглахыг хуулиар хориглох хэрэгтэй. Алуурчин роботуудыг хөгжүүлэхийг зогсоох нь зүйтэй” гэлээ.



Эрдэмтдийн илгээсэн ил захидалд мөн “Алуурчин роботууд нэгэнт хөгжлийнхөө оргил үед хүрч, тэдгээрийг зэвсэгт мөргөлдөөний талбарт ашиглавал хүн төрөлхтний хяналтаас гарах болно. Террористууд эдгээрийг гэм зэмгүй энгийн номхон иргэдийн эсрэг ашиглаж болзошгүй” гэсэн байна.
 
Автомат зэвсгийн аюулын талаар анхааруулсан ил захидлыг 2015 онд техник технологийн салбарын 1000 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн болон судлаачид, тэдний дотор эрдэмтэн Стивен Хокинг,  “Apple” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк нар НҮБ-д мөн илгээж байсан юм.
 
Алуурчин робот гэж юу вэ?

Хүний оролцоогүйгээр байгаа онилж, халдаж чадах бүрэн автомат зэвсэг юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр, одоогоор яг ийм зэвсэг байхгүй байгаа хэдий ч технологийн дэвшил тэднийг бодит амьдрал дээр авчрахад ойртож байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ