Эхийн эндэгдэлд дүгнэлт хийж, зөвлөмж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-08-28 14:24:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ-ны "А" зааланд "Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмслэлт" сэдэвт сургалт зохион байгуулав.

Уг сургалтыг ЭМЯ, ДЭМБ хамтран ЭХЭМҮТ, аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт зориулсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулсан юм.
Монгол
Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдлийг тогтвортой бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүнд Мянганы хөгжлийн зорилтыг манай улс амжилттай хэрэгжүүлсэн байна.

Мөн 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 100
мянган амьд төрөлтөд 21.6 просантимиль байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдол буюу 100 мянган амьд төрөлтөд 35.1 просантимилээр буурсан. Гэвч 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийг 10 тохиолдол бүртгэгджээ. 2012-2015 онд эндсэн эхийн эндэгдэлд хийсэн “Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгаагаар энэ хугацаанд улсын хэмжээнд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байв. Эхийн эндэгдлийн шалтгаанд жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь жил тутамд өсч байгаа нь эх барих эмнэлгийн дотрын эмч нарын чадавхийг дээшлүүлэхэд анхаарах шаардлага байгааг илтгэж байна.

Энэ сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд 21 аймгийн дотрын эмч нар болон УБ хотын эх барих эмнэлгийн дотрын эмч нар хамрагдаж байна.


“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: Эх, нярайн эндэгдлийг бууруулахад зөвхөн эх барих- эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч нар төдийгүй дотор, мэс засал, эмгэг судлалын эмч нарыг чадавхижуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын ажлын уялдааг сайжруулах, багаар хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, өвчтөн шилжүүлэхдээ гараас гарт хариуцлагатай хүлээлгэн өгч хэвших шаардлага байна. Бид энэ сургалтыг зөвхөн тэнхимийн сургалт хэлбэрээр бус, ЭХЭМҮТ-ийн Жирэмсний эмгэгийн тасагт жижүүрт хуваарийн дагуу гарч, эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг үзэж, эмчилгээний тактиктай танилцаж, төрөлт удирдахад оролцож дадлагажих хэрэгтэй гэж онцоллоо.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ