Үерт автаад буй Хьюстонд шөнийн цагаар хөл хорио тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-30 10:37:05
ХЬЮСТОН. /АР/. “Харви” хар салхи дайран өнгөрсний улмаас ширүүн бороо зүсрэн орж, үер усны аюул нүүрлээд буй АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод шөнийн цагаар хөл хорио тогтоолоо.

Энэ хар салхины улмаас Техаст, ялангуяа Хьюстон хотод урьд орж байгаагүйгээр их хэмжээний бороо орсоор байгаа юм. Хьюстон хотын ихэнх хэсэг үерт автаж, олон айл өрхийн орон гэр сүйдэж, 17500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 9000 гаруй хүн түр хоргодох байранд толгой хоргодож байгаа бөгөөд 15 хүн үерт амиа алдсан нь тогтоогдоод байна.

Гамшгийг далимдуулан хулгай дээрмийн хэрэг гарах болсонтой холбогдуулан Хьюстон хотын дарга Сильвестр Тернер шөнийн цагаар хөл хорио тогтоох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Өчигдрөөс эхлэн шөнийн 00:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл тус хотод хөл хорио тогтоосон байна.  Энэ хорио нь аврах албаныхан болон сайн дурын ажилтнуудад хамааралгүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелани нар өчигдөр Техас муж улсад очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.



Д.Трамп хэлэхдээ “Энд үлгэр домогт гардаг шиг л гамшиг тохиолдсон байна. Техаст бид туслах болно. Техас хүнд хэцүү цаг үеийг даван туулах болно. Гамшигт өртсөн хүмүүст шуурхай туслах арга хэмжээ авахыг би холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон” гэжээ.

“Харви” нь сүүлийн хагас зуун жил гаруйн хугацаанд Техасыг дайрсан хамгийн хүчтэй хар салхи юм.



Техаст энэ долоо хоногийг дуустал бороо зогсох төлөвгүй байна гэж цаг уурчид мэдээлсэн байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ