Иргэдийн ачаа тээшнээс тарваганы мах илрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-05 11:47:35
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хот хооронд зорчих тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй иргэдийн ачаа тээшинд тарваганы мах илрүүлэх хөдөлгөөнт үзлэгийг явуулж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв хамтран Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангайн чиглэлээс дамжин өнгөрч буй хориотой ан агнуур тээвэрлэж болзошгүй 300 гаруй тээврийн хэрэгсэл, 2000 гаруй иргэнийг хамруулан ачаа тээшинд үзлэг, шалгалт хийлээ.
Энэ үеэр гурван иргэний тээшнээс таван ширхэг тарваганы түүхий мах /арьстай/, тарвага агнахыг завдсан нэг иргэний Тоз-8 маркийн ангийн буу, тарвага агнасан нэг иргэнээс  дөрвөн ширхэг тарвага, Тоз-8 маркийн ангийн буу хоёр ширхгийг хураан аваад байна.
Уг арга хэмжээг МХЕГ-ын даргын баталсан 15/272 дугаартай албан тоотын дагуу орон нутгийн болон хот хоорондын зорчигч тээврийн маршрут, агнуурын бүс нутагт хүч нэмэгдүүлсэн байдлара зохион байгуулж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ