МЗЭ-ийн шагналт, зохиолч Л.Нямаагийн 70 насны ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 15:05:25

Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан нарын  санаачлагаар МЗЭ-ийн болон М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, нэрт сурган хүмүүжүүлэгч Ломбын Нямаа багшийн 70 насны ой, "МИНИЙ АМЬДАРДАГ ЕРТӨНЦ"  номын баярын арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээ түүний төрсөн газар Онон багийн нутаг Онон гурван харуул Аргуу дах тоонотоос нь эхэлсэн бөгөөд номын баяр соёлын төвд зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон иргэдийн төлөөлөл нийт 120 гаран хүн оролцож түүний амьдардаг ертөнцөөр хэсэг хугацаанд аяллаа.

Зохиолч Л.Нямаа ахлах ангийн сурагчдад эрдэм мэдлэгт шамдан суралцаж хүн болох эрдэм ухааныг хэрхэн олж авах талаар хэд хэдэн зүйлийг онцлон захиад, сүүлийн 10 гаруй жил цуглуулсан ном, сонин, сэтгүүлийн хайчилбаруудаа ЕБС-ийн хамт олонд гардуулан өгөв.

Мөн ИТХ-ын дарга Д.Гансүрэн " Монголын утга зохиолд Хэнтийчүүдийн оруулсан хувь нэмэр " сэдэвт илтгэл уншиж өөрийн уран бүтээлийн дээжис "Хэлбэргүй дүрслэл-4" номоо эрхэм багшдаа өргөн барьсан бөгөөд ЕБС-ийн сурагчдын дунд "Миний амьдардаг ертөнц" сэдэвт яруу найргийн наадам  зохиосон аж. Тус наадамд нийт 20 сурагч өөрсдийн бүтээлээ уншиж сонирхуулсан бөгөөд наадам 3 үе шаттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Нэгдүгээр үед сурагчид өөрсдийн зохиосон шүлгээ уншсан бол хоёрдугаар үед Хэрлэн цэнхэр тэрлэгтэй, гуравдугаар үед миний амьдардаг ертөнц сэдвүүдээр шүүгчдийн зүгээс өгсөн сэдвийн дагуу найман минутад шүлэг зохиож оролцлоо.
Уралдааны 1- байрыг 8а ангийн сурагч Э.Эрхэмбаяр,  2-р байрыг 7а ангийн сурагч М.Өсөх-ирээдүй, 3-р байрыг 8а ангийн сурагч  Б.Энхтуул, 4- байрыг 9а ангийн сурагч  У.Хадбаяр тус тус шалгарчээ. Яруу найргийн наадмыг Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга  Ц.Баярсайхан ивээн тэтгэлээ.

"Миний амьдардаг ертөнц"  номын баяр яруу найргийн үдэш үдэшлэг цэнгүүнээр үргэлжилсээр Эрхэм багш Л.Нямаа өөрийн шинэ номын дээжээсээ ахмад буурлуудад гардуулсан бол Сум орон нутаг түүний алдар гавъяаг үнэлэн Сумын "Хүндэт иргэн" цол тэмдэгээр шагнажээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ