Концессоор ажил хийсэн компаниудад төлбөрийг нь олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-06 16:46:36

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар байнгын хорооны хуралдаан дээр бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг татаж авах саналыг хүлээж авсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргынхаа мэдэгдлийг хүлээж авсан бол МАН-ын бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай байв.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва хэлэхдээ бүлгийн түвшинд энэ асуудлыг ярилцах шаардлагатай гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ярьж байгаагаар бол, ирэх оны төсөвтэй холбоотой 100 орчим санал байгаа ба үүний 60 орчим нь зардал нэмэх эсвэл өөрчлөх саналууд байгаа аж.

УИХ-ын гишүүд, тухайлбал МАН-ын бүлгийнхэн бусад байнгын хороо болон гишүүдээс гаргасан саналыг татаж авах асуудлыг хоёр бүлгийн дарга мэдэж шийдвэрлэж болохгүй хэмээж байсан. Иймээс УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бүлэг дээрээ ярьсны дараа Төсвийн байнгын хороогоо эргэж хуралдуулья гэсэн санал гаргасан ч олонхийн дэмжлэг авсангүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бид зарчмын хэд хэдэн асуудал дээр тохирох шаардлагатай. Нэгдүгээрт Засгийн газрын оруулж ирсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээг нэмэгдүүлэхгүй. Хоёрдугаарт Засгийн газрын оруулж ирсэн дээр зардлыг нэмэгдүүлэхгүй. Гуравдугаарт шинэ хөрөнгө оруулалтыг тэвчих, дөрөвдүгээрт 2015 онд концесс болон төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийсэн компаниудад төлбөрийг нь бүрэн төлнө  гэдэг дээр тохирмоор байна” гэв.

Мөн үеэр ажлын хэсгийнхний зүгээс голлох зарчмуудыг барьж ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх оны төсвийн төсөлд концессын ажлын төлбөрийг тусган ажиллаж байгаа гэдгийг байнгын хорооны дарга Ч.Улаан дурдсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Байгаль хамгаалах санг татан буулгаж болохгүй. Энэ байгууллагад 2 тэрбум төгрөгийн төсөв суулгах хэрэгтэй. Эднийх олон улсын байгууллагаас 100 тэрбум төгрөгийг санхүүжилт татдаг юм шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва боловсролын салбарт ялгавартай хандаж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Үүгээр байнгын хорооны хуралдаан түр завсарлаж, чуулганы хуралдааны дараа эргэж хуралдахаар тогтов.

Б.Туул

Холбоотой мэдээ